Б.Есүгэний үхэлд буруутай этгээдүүдэд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Б.Есүгэний үхэлд буруутай этгээдүүдэд ял оноожээ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр /2012.09.03/ хичээлээ тараад ээж, дүүтэй гэр рүүгээ харьж явсан 12 настай охин хууль бусаар барилга барьж байсан барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж амиа алдсан харамсалтай хэрэг одоо ч олны анхааралд байдаг.

Энэ хэргийн буруутнуудыг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн шүүхэд болж, шүүхээс тэдэнд ял оноожээ. /Шүүх хурал энэ сарын 03-нд болохоор товлогдсон байсан ч өнгөрсөн долоо хоногт болсон байна. Шүүх хурал ямар учраас товлосон өдрөө хуралдаагүйг Баянгол дүүргийн шүүхийн албаны эх сурвалжаас тодруулсан ч тодорхой хариулт өгсөнгүй/.

Ингээд Баянгол дүүргийн шүүхээс хэргийг хянан хэлэлцээд “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт 1.6 жилийн хорих ял, “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд нэг жил, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, “Төгс Гүрэн” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, хоёр жил хорих ял оноожээ.  

Мөн “Орд гео” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын өмнө нь явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгийн  торгуулийн ял оногдуулсан байна. Харин “Премиум конкрет” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, “Консолит” ХХК-ийн хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулга нарын үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрхи хүмүүсийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 10-нд болохоор товлогдсон  ч шүүгчдэгч гурван хүний хоёр нь өмгөөлөгчөө сонгоод удаагүй байгаа тул хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьснаар хойшилж байсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж