МАН-ын УЗ хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

МАН-ын УЗ хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Уг хурлаар Удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцэж эхэллээ. Гэхдээ МАН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулснаа зарласан залуус удирдлагуудтайгаа уулзахаар хуралдааныг хүлээн танхимын гадна сууж байна.

Тус хөдөлгөөний залуус МАН-ын Бага хурлыг наадмын өмнө буюу долдугаар сарын 8-наас урьтаж хуралдуулах, улмаар Их хурлыг зарлаж, намын Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, мөн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалдаа дүгнэлт хийж, намын дарга Ө.Энхтүвшин, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болон нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, намд шинэчлэл хийх зэрэг хэд хэдэн асуудлыг тавиад байгаа юм.

Харин МАН-ын удирдлагын зүгээс намын Бага хурлыг наадмын дараа хийнэ гэсэн мэдэгдлийг өнгөрсөн баасан гаригт хийсэн байгаа. Хэдийгээр хоёр тал Бага хурлаа хуралдуулах ёстой гэдэг дээр санал нийлж байгаа ч цаг хугацааны хувьд тохиролцож чадаагүй байна. Гэхдээ энэ асуудал өнөөдрийн Удирдах зөвлөлөөс тодорхой болох биз ээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг намын удирдлагуудын ажилтай холбоотой гэж үзэх үү, эсвэл олон жил хуримтлагдсан асуудал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон гэдэг талаар дүгнэлт гаргах эсэх нь олны анхаарлыг татэж байгаа нь мэдээж. Учир нь МАН-ыг шинэчлэх "Шинэчлье" хөдөлгөөний зүгээс “Намын удирдлагууд алдаагаа ухамсарлалгүй цаг алдсан нь дахин сонгуульд ялагдах шалтгаан болсон” гэж үзэж байгаа бол МАН-ын удирдлагуудын хувьд “Намын нэрийг сольж хоёр хуваасан, намын нэр бүхий гишүүд хэрэгт нэр холбогдсон нь ялагдах бас нэг шалтгаан болсон. Ер нь сонгууль болоход голлох ажилд оролцохгүй хаяад явдаг хэрнээ, сонгуулийн үр дүнгийн дараа “Намын удирдлагуудад бүх бурууг тохох гэж зүтгэх нь буруу. Ажилд зүтгэчихээд алдаа оноогоо адилхан үүрэх ёстой” гэх байр суурийг цухалзуулах болсон билээ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр нилээд оройтож тараах бололтой. Тус намынхны хэлснээр Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш албан ёсоор мэдээлэл хийх юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж