Есөн эрдэнийн Ганжуур ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Есөн эрдэнийн Ганжуур ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Засгийн газрын  2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуур ЮНЕСКО-д бүртгэгджээ. Тодруулбал, БНСУ-ын Гуанжоу хотноо болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 11 дүгээр бага хурлын үеэр Олон улсын баримтат өвд ийнхүү Ганжуур судрыг бүртгэсэн байна. Энэхүү хосгүй үнэт өв нь 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган болох тухай түүхчид онцолдог. Уг бурхан шашны оройн дээд ном Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бичиж, урлажээ.
ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтад одоогийн байдлаар нийт 299 баримтат өв бүртгэгдсэн байдаг аж. Эдгээрийн гурван баримтат өв нь Монгол Улсаас бүртгүүлсэн бөгөөд 2011 онд Лувсанданзангийн “Алтан товч”, “Монгол шунхан данжуур”, харин энэ онд “Есөн эрдэнийн ганжуур” ийн бүртгэгдлээ. Олон улсын өвд бүртгэхэд хатуу шалгуур тавьдаг. Тухайлбал, баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх, дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх, дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай гэхчлэн шалгуур багтдаг ажээ.

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгаа зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж, ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж, хамгаалах зорилгоор "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Үндэсний номын сан хамтран хосгүй үнэт дурсгал болох баримтат өвийг олон улсын баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж