
Монгол Улсын боловсролын тогтолцоо шинэчлэгдэн хүүхдийг зургаан наснаас эхлэн сургуульд сургах болсноор багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэвч энэ шийдвэр хөдөө орон нутагт тийм ч зохимжтой биш байна гэдгийг олон хүн хэлжээ. Манай улсад малыг бэлчээрт өсгөдөг. “Малчид мах, сүүгээ үнэтэй зарлаа” хэмээн шүүмжилж байгаа ч нэг хонийг нас бие гүйцтэл өсгөхөд багаар бодоход 3-4 жил зарцуулдаг. Гэтэл залуу гэр бүл мал маллаад эхний авсан хурга ишгээ нас биед хүргэж амжаагүй байхад хүүхэд нь сургуульд орж, гэр бүлийн хэн нэг нь төв бараадахад хүрдэг ажээ. Тиймээс малчдын хүүхдийг долоон наснаас сургуульд оруулж болох уу хэмээн малчид асууж байна. Энэ асуудлыг эргэн судлах нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхийлөгч дэвшүүлж байлаа.