
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэртэй зэрэгцүүлэн Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан сайд нарт өгчээ. Уул уурхайн компаниуд Цогтцэций суман дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог.
Сум дамнасан энэ тээвэрлэлтээс үүдсэн бэлчээр талхлагдаж, их хэмжээний тоосжилт үүсч, хөрс бохирдсон байдаг. Энэ бүх байгаль орчин болоод нутгийн уугуул оршин суугчдад маш их сөрөг нөлөөтэй Цагаан хадны гаалийн хяналтын талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг тооцох ажлыг БОНХЯ эхлүүлээд байна гэж тус яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Д.ЦЭЭНЭ