
Био аюулгүй байдлын үндэсний төслүүдийг зохицуулах олон улсын хурал Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Хуралд Бангладеш, Индонез, Энэтхэг, Малайз зэрэг есөн орны төлөөлөгч оролцож байна. Тэд таван өдрийн турш Азийн орнуудад хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, санхүүгийн зохицуулалт хэрхэн хийх семинар зохион байгуулан туршлага судална.
Хурлыг БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга нээж үг хэллээ. Тэрбээр “Энэ удаагийн хурлаа Монголд хийж байгаад талархлаа илэрхийлье. Хувиргасан амьд организм хүний эрүүл мэнд болон байгаль орчинд муугаар нөлөөлж болзошгүй тул эрсдэлийг тооцоолох шаардлагатай байдаг. Орчин үеийн биотехнологийг аюулгүй ашиглахад хяналт хэрэгтэй юм. Байгаль орчныг хамгаалахад олон улсын хамтын ажиллагаа чухал” гэсэн юм.