
-Манай эмнэлэг нь 200 ажилчин, 125 ортой. Үүнээс 60 орчим их эмч, 100 орчим сувилагчтай. 2012 оны нэгдүгээр сард Бүсийн оношлогоо эмчилгээний төв болсноос хойш өнөөдрийг хүртэл байр, орон тоо, санхүүжилт нэмэгдээгүй. Хуучин нэгдсэн эмнэлгийнхээ санхүүжилт суурин дээр ажиллаж байна. Тиймээс тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж муу. Ер нь энэ тал дээр яамнаас санхүүжилт муу хийгддэг. Харин орон нутгийн санхүүжилт нэлээд нэмэгдсэн. Энэ жилийн хувьд орон нутгаас эрүүл мэндийн салбартаа 11 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Үүгээр нь бид шаардлагатай байгаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжөө авах юм. БОЭТ-ийн байр бариулах зураг төсөл бүгд бэлэн болчихсон. Гэтэл яамнаас 900 гаруй сая төгрөгийн санхүүжилт тавьчихсан байдаг. Тэгэхээр 7.2 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг яаж 900 гаруй сая төгрөгөөр барих вэ дээ. Тиймээс бид тендерээ зарлаж чадахгүй байна. Саяхан сайдыг ирэхэд энэ асуудлаа танилцуулсан. Ямар ч байсан ойрын хугацаанд шийдэгдэх байх. Үүнээс гадна БОЭТ-ийн эмч ажилчдын орон тоог яаралтай нэмж өгөх шаардлагатай байна. Бид орныхоо тоог нэмсэн боловч даатгалаас санхүүжилт нь орж ирээгүй зэрэг нэлээд хүндрэл бий.
-БОЭТ болсон учраас ачаалал нэлээд нэмэгдсэн байх. Залгаа аймаг сумдаас иргэд ирнэ биз. Аль аймаг сумыг хамарч үйлчилж байна?
-Хөдөө орон нутгаас гэхэд Дорноговь аймгийн наад талын болон Дундговийн урд талын хэдэн сум манайд харъяалагдаж байгаа. Гэхдээ манай аймагт уул уурхай хөгжиж байгаагийн хэрээр харъяаллын бус явуулын хүн ам эрс нэмэгдсэн. Тиймээс харъяаллын ч бай харъяаллын бус ч бай бүгдэд нь үйлчилж байна.
-Тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж хэр байна вэ?
– Тоног төхөөрөмжийн хувьд манай аймаг аль ч аймагт байхгүй сайн гэж хэлж болно. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Гемодиализын хоёр аппараттай болсон. Энэ аппаратад Дорноговь, Дундговь манай аймгаас нийт зургаан хүн ордог. БОЭТ болсноор эдгээр иргэд хотод биш орон нутагтаа долоо хонгот гурван удаа аппаратандаа чөлөөтэй орж байна. Мөн лабораторийн автомат анализатортой. Бүх шинжилгээг хийдэг. Манайд хийсэн шинжилгээний хариу нийслэлийн гуравдугаар шатлалын эмнэлгийн шинжилгээний хариутай ижилхэн гардаг. Мөн цусны станцын асуудал нэлээд хүнд байсныг шийдэж их эмчийг нь сургаж орон тоог нь нэмсэн. Ингээд өнгөрсөн жил 500 орчим сая төгрөгөөр цусны станц, лабораторио шинэчилж өнөөдрийн байдлаар 8-14 төрлийн цусан бүтээгдэхүүн хийж байна. Цус алдалтаар хүн эндүүлэхгүй байх зорилготой ажиллаж байгаа. Тиймээс ч цус алдалтаар хүн нас бараагүй.
-Танай эмч нар саяхан дурангийн мэс заслыг аймагтаа амжилттай хийсэн гэж байсан. Цаашид дурангийн мэс засал хийдэг болно гэж ойлгож болох уу?
-Тавдугаар сарын дундуур Монгол Улсын баатар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч Нямхүүгээр ахлуулсан баг ирж 13 хүнд дурангийн мэс засал хийсэн. Ямар нэг хүндрэл, бэрхшээл гараагүй. Бид дурангийн мэс заслаар хоёр эмч, хоёр сувилагч бэлдэж байгаа. Цаашид ч бэлдэх болно. Нэг эмчээ Германд сургаж мэргэжил дээшлүүлж бэлдсэн. Одоо бид бие дааж хэзээ дурангийн мэс засал хийх вэ гэдэг асуудлаа ярьж байгаа.
-Хамгийн холын дуудлага хаанаас ирэх үү. Зам нэлээд муу юм байна. Парк шинэчлэл хийгдсэн үү?
-Дөрвөн жилийн өмнө 2-3 машинтай байсан бол өнөөдрийн байдлаар 10 гаруй машинтай болсон. Хамгийн холын дуудлага гэхэд 320 километрээс ирдэг. Зам муу. Олон сумтай гээд асуудал ба бий. Ирсэн машин явах километрээ дуусгалгүй эвдрэх асуудал гардаг. Цус алдалт, осол гэмтэл зэрэг дуудлагад фургон, Уаз-469 гэсэн хоёр машин явдаг. Мөн дөрвөн жилийн өмнө аймгийн Засаг даргын авч өгсөн Прадо жипээр гол гол нарийн яаралтай дуудлагад явдаг.
-Эрүүл мэндийн салбарыг энэ жил хариуцлага хяналтыг сайжруулах жил болгосон. Энэ хүрээд ямар ажил хийхээр төлөвлөв. Ажлын явц хэр байна вэ?
-Аймгийн хэмжээнд 2013 оны эрүүл мэндийн салбарын шинэчлэл, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хөтөлбөр боловсруулж Засаг даргын зөвлөл, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнийхээ дагуу бид аймаг, сум, багийн иргэд, эмч эмнэлгийн ажилчдыг оролцуулсан хэлэлцүүлэг хийж эрүүл мэндийн салбарт нэгдүгээрт юу хэрэгтэй байгаа талаар эдгээр хүмүүсээс саналыг нь авч нэгтгэсэн. Манай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ЗДТГ, Эрүүл мэндийн газрын хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн жил тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт хийгдэж байсан. Энэ хөрөнгө оруулалтын дагуу зүрхний өнгөт эхо, ургын гажиг тодорохойлох эмэгтэйчүүдийн 3D өнгөт эхо, тархины судасны өнгөт оношлогоо буюу допплерографийн аппарат, зөөврийн рентген аппарат, дурангийн мэс засал хийдэг иж бүрэн аппарат зэргийг авсан. Мөн био эмийн автомат анализатороор сумдынхаа бүх эмнэлгүүдийг хангасан.
Мөн манай эмнэлэгт 7-8 төрлийн шинэ тоног төхөөрөмжийг суурилуулсан. Ер нь өмнөговийн иргэд өмнөговьтоо эмчлүүлье гэдэг зорилгыг манай аймгийн удирдлагууд дэвшүүлж ажиллаж байна. Үүний тулд боловсон хүчнийхээ чадавхийг дээшлүүлэх, сургалтыг бодлоготой, цэгцтэй явуулах. Одоо анагаахад сурч байгаа оюутнуудыг зардал мөнгө, амьдрах нөхцлийг нь сайжруулж боловсон хүчнээ эртнээс бэлдэх зорилготой байгаа. Мөн ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа эмч болох сонирхолтой хүүхдүүдийг дэмжиж гэрээ байгуулж ажиллах санаачлага гаргаад хөрөнгө мөнгийг нь шийдсэн. Түүнчлэн эмч ажилчдынхаа хэлний төвшинг сайжруулах зорилгоор англи хэлний сургалтад хамруулж байна. Ингэснээр шинэ тоног төхөөрөмж ирэхэд ажиллуулж, онош нь гараад ирэхээр уншиж чаддаг болох юм. Мөн хэлтэй болсон эмч нараа гадаадад сургах, гаднаас эмч ирэхэд чөлөөтэй харьцаж хамтарч ажиллах болно.