МАН-ын зарим гишүүд 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шат шатны таван сонгуульд дараалан ялагдал хүлээснээр бодлого, үйл ажиллагааны зогсонги байдалд орж, ард түмний дунд нэр хүнд нь унаж, улс төрийн намын манлайлах байр сууриа алдсан хэмээн үзэж, энэхүү хөдөлгөөнийг байгуулжээ.
Хөдөлгөөнд НАМЗХ, УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, Оюутны холбоо зэрэг олон байгууллагууд нэгдсэн бөгөөд хөдөлгөөний зүгээс таван шаардлага бүхий уриалга гаргажээ.
Энэхүү уриалгад, МАН-ын Бага хурлыг 2013 оны долдугаар сарын 8-ны өдрөөс өмнө хуралдуулж, 27-р их хурлын тов зарлах, намын даргыг сонгох, намын гишүүд, дэмжигчид, олон нийтийн дунд үндэсний хэмжээний нээлттэй сунгаа зохион байгуулах, намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, ёс зүй, хариуцлагын зарчмуудыг шударга, ил тод, болгон шинэчлэх, Авлигын гэмт хэрэгт холбогдсон намын нэр бүхий зарим гишүүдээс болж МАН-д итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохыг намын бүх шатны байгууллагууд удирдлага, сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагууд бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх зэрэг шаардлага багтжээ. Энэхүү уриалгаа тэд өнөөдөр хуралдахаар болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд хүргүүлэхээр болсон байна.
-Намын удирдлагын зүгээс Их хурлыг Үндэсний баяр наадмын дараа зохион байгуулна гэсэн мэдээлэл өгч байсан. Яагаад заавал долдугаар сарын 8-ны дотор хуралдуулах шаардлага тавьж байгаа вэ?
-Долдугаар сарын 11-17-ны хугацаанд монголчууд наадам гээд ажил хийдэггүй, цаана нь сар дуусахад арав гаруйхан хоногийн хугацаа үлддэг. Энэ жил гэхэд дөрвөн аймаг 90 жилийн ой тэмдэглэх юм байна. Хүмүүс найр наадам гээд хөдөө явчихдаг учраас аль болох хурдан хурлаа хийж, ажлаа цалгардуулахгүй байх нь дээр байна. Тиймээс наадмын өмнө Бага хурлаа хуралдуулах саналтай байгаа.
-Шат шатны сонгуулийн дараа намаа шинэчлэе гэсэн зорилгтой олон хөдөлгөөн МАН-д байгуулагдаж байсан. Гэвч тодорхой үр дүнд хүрсэн хөдөлгөөн өнөөдөртөө байхгүй байна?
-Өмнө нь олон удаа шинэчлэл ярьж байсан. Тухайн үед намын удирдлагуудтай харилцан ойлголцдог. Бидний тавьсан шаардлагыг хүлээж авлаа, энэ шинэчлэлийг хийнэ, бодлого үйл ажиллагаандаа тусгана гэх мэтээр ойлголцож байсан. Нэг зүйлийг хэлэхэд, бид хэн нэгэн хүн рүү дайрч, буруутгах, дарга цэргийн асуудал ярих гээгүй юм. МАН зарчмын хувьд шинэчлэл хийх цаг болсон. Зарчмын асуудалд хүний нөөц бүрдүүлэх, хариуцлага тооцох, санхүүжилтаа хэрхэн зохицуулах гээд олон сэдэв багтаж байна. Энэ бүгдийг ярих цаг болсон гэж үзэж байна. Сонгуульд ялагдсан шалтгааныг аль нэг даргын буруу гэж манай хөдөлгөөнийхөн ярихгүй. Бидний алдаагаа хүлээн зөвшөөрөх нэгдмэл чанар байхгүй байгаа учраас ард түмэн МАН-ыг таван сонгуульд сонгосонгүй. Тиймээс бид ярилцах цаг болжээ гэж үзэн, нэгдэж байна. Энэ хөдөлгөөнд 10 гаруй байгууллага нэгдээд байгаа.
-Та бүхний санаачилгыг УИХ-ын гишүүдээс дэмжиж байгаа юу?
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар зэрэг олон гишүүд дэмжиж, нэгдэж байгаа.
-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх сонгуулиас илүү рейтинг өндөртэй байсан гэсэн мэдээллийг удирдлагын зүгээс өгч буй. Үүнийг та бүхэн нэр дэвшигчээс шалтгаалсан гэх үү, эсвэл намын үнэлэмж сайн байсных гэж үзэх үү?
-Өнгөрсөн гурван сонгуулиуд өөр хоорондоо эрс ялгаатай. УИХ-ын сонгуулиар 31 хувийн санал авсан, Орон нутгийн сонгуулиар 40 орчим хувийн ялалт байгуулсан. Орон нутгийн сонгуулийн онцлог нь тухай орон нутагт байгаа намын удирдлагуудын үүрэг оролцоотой ажил байдаг. Тэгэхээр энэ бүхэн хэн нэгэн намын удирдлагад сууж байгаа хүмүүсийн нэр нүүртэй холбоотой гэж үзэхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нам гэхээсээ илүү нэр дэвшигч илүү түлхүү ажиллаж, 520 мянга орчим хүний санал авсан. Энэ бол багагүй амжилт.