Дэлхийн хамгийн хурдан компьютераар “Jaguar” тодорчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдан компьютераар “Jaguar” тодорчээ

Үйлдэл гүйцэтгэх хурд, хүчин чадлаараа гайхагддаг дэлхийд эхний тавд бичигдэх суперкомпьютерийн нэгийг Хятадын инженерүүд зохион бүтээжээ. Тьянжин хотын Үндэсний суперкомпьютерийн төвийн байранд байрлаж буй “Tianhe-1” нэртэй уг суперкомпьютер саяхан нийтлэгдсэн дэлхийн топ 500 суперкомпьютерийн жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Уг компьютер нь 70 мянга гаруй чиптэй бөгөөд секундэд 563 их наяд /триллион/ үйлдэл гүйцэтгэх буюу 563 терафлопын хүчин чадалтай ажээ. “Tianhe-1” суперкомпьютерийг газрын тосны судалгаа, хайгуул болон нисэх онгоцны загвар бүтээх зэрэг инженерийн чиглэлийн ажилд ашиглаж байгаа юм.

Гэхдээ топ 500 суперкомпьютерийн жагсаалтын эхэнд 1759 петафлопын хүчин чадалтай АНУ-ын “Jaguar” бичигдсэн байна. Дашрамд дурдахад, нэг петафлоп нь секундэд 1000 их наяд /триллион/ үйлдэл гүйцэтгэх чадварыг илтгэдэг байна. “Jaguar” суперкомпьютер нь 220 мянга гаруй чиптэй бөгөөд өдгөө Теннесси мужийн Оакрижийн үндэсний лабораторид цаг агаар, матери судлахад болох цөмийн зэвсгийн судалгаа хийхэд ашиглагдаж байгаа ажээ. Жагсаалтын хоёрдугаарт мөн Америкийн инженерүүдийн бүтээсэн “Roadrunner” эрэмбэлэгдсэн байна. Өдгөө Нью-Мехико мужийн Лос Аламосын эрчим хүчний үндэсний лабораторийн хэрэглээнд ашиглагдаж буй эл суперкомпьютерийг “IBM” корпораци зохион бүтээсэн бөгөөд 122 мянган чиптэй, 1042 петафлоп хүчин чадалтай юм. Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлж байсан “Roadrunner”-ийг тус лабораторийн мэргэжилтнүүд АНУ-ын цөмийн нөөцийг удирдахаас гадна астрономи, геномик болон цаг уурын өөрчлөлтийг судлахад ашиглаж байгаа ажээ.

Дэлхийн хамгийн хурдан 500 суперкомпьютерийн жагсаалтад багтсан компьютерийн дийлэнх нь АНУ-д харьяалагдах компьютерууд бөгөөд тодруулбал 277 нь АНУ-ынх ба топ 10-ын найм нь АНУ-ын зохион бүтээгчдийн бүтээл байгаа юм. Харин Европоос 153 суперкомпьютер жагсаалтад багтсан ба тэдгээрээс хамгийн хурдан нь жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн Германы “Jugene” ажээ. Уг суперкомпьютер нь секундэд 800 их триллион үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай юм байна.

2009.11.18

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж