Их, дээд сургуулиуд бүртгэлээ эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиуд бүртгэлээ эхэлжээ

Өнөөдөр ЭЕШ-ын дүн гарав. Эцэг эхчүүд “уралдсан морьдынхоо уяа сойлго”-ыг тандаж, хүүхдүүд ч өөрсдийн шалгалтад авсан оноогоо харав. Тэдний хувьд бүтэн арван жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж буй болохоор шөнө нойргүй хонон хүлээсэн. Боловсролын үнэлгээний төвийнхөн ч амласан ёсоор өнөө өглөөний 09:00 цагт шалгуулагчдын онооны жагсаалтыг өөрийн сайтдаа байршуулжээ. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт давхардсан тоогоор 183859 шалгалт бүртгэгдсэн /нэг хүүхэд 3-5 шалгалт, хамгийн олондоо найман шалгалт өгчээ/ ч 177127 шалгалт авсан байна. Үлдсэн зургаан мянга гаруй шалгалтын тухайд шалгалтаасаа хоцорсон, бүртгэлийн /шар/ хуудсаа мартсан, гээсэн, бусад бичиг баримтаа үрэгдүүлсэн зэрэг шалтгаанаар бүртгүүлсэн шалгалтаа өгөөгүй байна. Энэ нь хүүхдүүд нийт бүртгүүлсэн шалгалтын 96,3 хувийг өгсөн гэсэн үг юм байна. Харин ЭЕШ-тай холбоотой 150 орчим санал хүсэлт ирснийг БҮТ нягтлан шалгах комисс гаргаж ажиллуулж буй аж. Гэвч БҮТ-өөс гомдол санал бүрийн нарийвчлан шалгах гэнэ. /Бүртгүүлсэн 43875, шалгалтанд орсон 42572 шалгуулагч/

ЭЕШ-ын дүнгээ интернэтээс авах боломжгүй бол шалгуулагч өөрийн бүртгэл дээр тэмдэглүүлсэн гар утаснаасаа “dun” гэж бичээд араас нь регистрийн дугаарын үсэггүй найман оронтой тоог бичиж 133233 дугаарт илгээн шалгалтын оноогоо авч болох юм. Энэ жилээс эхлэн хөдөө орон нутгаас элсэгчдийг “Хуваарь бүртгэх онлайн бүртгэлийн систем”-ээр бүртгэж байна.  Харин нийслэлийнхний хувьд сонгосон сургууль дээрээ биечлэн очиж бүртгүүлэх юм. Их дээд сургуулиуд бүртгэлээ өнөө өглөөний 08:30 цагаас эхэлсэн бөгөөд өнөөдрийн хувьд хүүхдүүд ЭЕШ-ын онооны батламжаа хараахан гардаж аваагүй болохоор сургуулиуд харьцангуй сийрэг байлаа. Харин маргаашнаас элсэгчдийн хөлд дарагдана. Сургуулиудын хувьд бүртгэлийн хураамжинд 5000 төгрөг авч буй бөгөөд иргэний үнэмлэх, ЭЕШ-ын батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэрэг бичиг баримтыг шаардах ажээ.

Түүнчлэн энэ жилийн хувьд зарим элсэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх журмыг сургуулиуд гаргажээ. Улсын хэмжээний болон улс хоорондын мэргэжлийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг ерөнхий шалгалтын батламжийг үндэслэн шууд элсүүлэх, сургууль ерөнхий шалгалтын хамгийн дээд оноо /800 оноо/ авсан элсэгчид сургуулийн захиргаанаас тогтоосон журмаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гэх зэргээр сургууль сургуульд өөр өөр хөнгөлөлтийн журам үйлчилнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БҮТ-ийн вэбсайтаас татан авч болно.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж