Төгөлдөр хуурын соло реситал тоглолт нь хөгжимчнөөс эхлэл, өрнөл, төгсгөл хэсгийг гоцолж, бүтээлүүдийн уялдааг нарийн гаргаж тоглодгоороо өндөр ур чадвар, бэлтгэл шаарддаг аж. Анх Унгарын хөгжмийн зохиолч Франц Лист тоглолтын ийм хэлбэрийг санаачлан боловсруулж байсан бөгөөд өдгөө үе үеийн шилдэг төгөлдөр хуурчид өөрсдийн авьяасыг илтгэн, тоглох болжээ.
Төгөлдөр хуурч Сампилноровын Одгэрэл нь Хөгжим, бүжгийн коллежийг 1993-2006 онд Гавьяат багш Ч.Тунгалагийн удирдлага дор суралцаж төгссөн ба 2006 оноос Италийн Пэружа хотын “Conservatorio di Musica di Perugia” хөгжмийн дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж, 2008 онд багш Лүйжи Танганэллийн удирдлаган дор бакалавр, 2011 онд багш Стэлла Куадринийн удирдлага дор магистрын зэрэг хамгаалсан уран бүтээлч юм.
Тэрээр 2008 онд Пэружагийн хөгжмийн дээд сургуулийн шилдэг төгсөгч болон Италийн 56 хөгжмийн дээд сургуулийн 16 шилдэг төгсөгчийн нэг шалгарч, Прэмио Кастэлланийн шагналаар шагнагдаж байжээ. Тэрээр өдгөө олон улсын төгөлдөр хуурын академи буюу “Accademia Pianistica Internazionale Incontri Col Maestro di Imola”-д үргэлжлүүлэн суралцаж буй авьяаслаг төгөлдөр хуурч юм.
С.Одгэрэл Италийн Пэружа хотын Сан Франческогийн танхимийг 2011 оны дөрөвдүгээр сард Паллэскийн симфони оркестрын хамтаар амжилттай нээж байсан ба Морлаккийн театр, Умбриан үндэсний галлерейд удирдаач Карло Паллески, Карло Леонэтти нартай Ф.Шопений төгөлдөр хуур симфони найрал хөгжимд зориулсан II концертыг эгшиглүүлж байсан юм. Мөн 2011 оноос Герман улсын Кёлн хотын Филармонийн хийлч Дэвид Жонсонтой хамтран хөгжимдөж байгаа ба хийлийн хоршил болон цөөхүүл хөгжимтэй хамтарсан тоглолтуудыг Кёлн, Бонн болон Испанийн дөрвөн хотод хийжээ.
Түүний олон улсын тоглолтын гараа 2006 оноос эхэлсэн байна. Бээжин хотын Италийн элчин сайдын яам, Италийн Ром, Пэружа, Болониа,Тэрни, Элба арал, Акуаспарта, Арэццо зэрэг хотод уран бүтээлээ эгшиглүүлж байсан авьяаслаг уран бүтээлч хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Хонг Конгийн Шангрила зочид буудалд анх удаа өөрийн гоцлол тоглолтоо тавьжээ.
Төгөлдөр хуурч С.Одгэрэлийн эх орондоо хийж буй тоглолтын эхний хэсэг барокко үеийг илтгэх И.С.Бахын II “Партита” болон классицизмын төлөөлөгч В.Моцартын сонатаар үргэлжлэх бөгөөд XYII, XYIII зууны дэг жаягтай дундад зууны үеийн эртний бүжгийн хөгжмүүд мэргэжлийн хөгжимд хэрхэн тусгалаа олсныг харуулах юм. Тоглолтын дэд хэсэг импрессионист хөгжмийн төлөөлөгч К.Дебюссийн “Бэргамаск” сюитээр үргэлжилж, романтизмын дууч Фридрих Шопены бадрангуй “Полонез”-оор өндөрлөх юм.