Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар хурдан морьдын уралдааныг шимтэн үзэж, унаач хүүхдүүдийн гийнгоон дуу сонссоноор наадамчин олон хийморио сэргээдэг. Энэ бүхнийг үзэж сонирхдог тал бол Хүй долоон худаг. Тал гэж хэлсний учир нь наадам болоогүй үед энд эзэнгүй өдрүүд үргэлжилдэг бол удахгүй үзвэрийн том төв болон хөгжих нь ээ.
Хүй долоон худаг өнөөдөр их бүтээн байгуулалт, тохижилт шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Хурдан морьдын уралдааныг шимтэн үзэхэээр ирсэн наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор эхний ажлуудыг эхлүүлжээ. Өнгөрсөн амралтын өдрөөр хотын удирдлагууд уг цогцолборын хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын явцтай танилцахаар Хүй долоон худагт ажилласан юм.
Эхний томоохон бүтээн байгуулалт бол “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэлх 8.5 километр автозамын ажил. “Энэ замыг барьж дуусахад хоёр км орчим замын ажил үлдээд байгаа аж. Энэ сарын 05 гэхэд замыг бүрэн тавьж дуусгахаар төлөвлөжээ. "Үндэсний бүтээн байгуулагч компаниуд зам тавьж байгаа учир чанар сайтай, дээрээс нь хатуу хучилтыг маш зузаан тавьсан тул эдэлгээ удаантай зам болсон” гэдгийг нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж онцолж байв. Мөн Хүй долоон худгийн уулын энгэрийн 20 га талбайд 7000 гаруй автоамшины зогсоол шинээр барьж байгуулахаар төлөвснөөс энэ жилдээ 5800 автомашины зогсоолыг барьж дуусгах ажээ.
Ажлын явцтай танилцахаар очсон хүмүүсийн анхаарлыг татаж байсан бас нэгэн зүйл гэвэл 12.5 га талбай газарт буюу уулын энгэрт наадамчдад зориулсан зорчих хэсэг, худалдаа үйлчилгээ явуулах тойрог хэлбэрийн эко хавтан тавьж, бетондож цутгасан бүтээн байгуулалт байв. Тойргийн голд зүлэгжүүлэлт хийн, урлагийн үзүүлбэр, тоглолт хийх нөхцөлөөр хангах ажээ. Хүй долоон худагт наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-ны өдрүүдэд “Морьтон монгол” “Сэрсэн тал” зэрэг хоёр том урлагийн тоглолт, шүхэр, агаарын бөмбөлөгийн үзүүлбэр болно.
СУИС-ийн захирал Содонтогос “Соёл урлагийн их сургууль, Урлагийн зөвлөл, БНСУ-ын “Мета” зөвлөх үйлчилгээний байгууллагууд хамтран энэ жилийн урлагийн тоглолтыг зохион байгуулж байгаа. Манай сургуулийн багш, төгсөгчид, оюутнууд хамтран “Сэрсэн тал” хэмээх урлагийн гайхамшигтай тоглолтыг тавихаар бэлдэж байгаа. Энэ талбайд зөвхөн урлагийн тоглолт болохгүй. Наадамчин олон энэ талбайд нум сумаа харваж, дэмбээдэж, шагай няслан, дүрслэх урлагийн бүтээлээс сонирхох боломжтой. Бид энэ жил "Хүүхдийн төлөө үндэсний газар"-тай хамтран ажиллаж байна. Ингэснээрээ уяач хүүхдүүдэд зориулсан уралдаан, тэмцээн гээд олон арга хэмжээ явуулж, хүүхдүүдийг баярлуулах болно” гэсэн нь бас нэгэн таатай мэдээний нэг байлаа.
Жил бүр шүүмжлэл дагуулдаг хог, бие засах газрын асуудлыг энэ удаад бүрэн шийдвэрлэх боломж бүрджээ. “Хүй долоон худаг орчимд 50 метр тутамд хогийн сав байрлуулна. Одоогоор энд байгалийн хоёр, контейнорон гурван бие засах газар ажиллаж байгаа. Нийслэлийн төлөвлөгөөний газраас товлосон газарт энэ жил нэмж нийт 20 ширхэг том хэмжээний эко бие засах газрыг байгуулна. Иргэдэд хандаж хэлэхэд, хогийн сав хангалттай байх тул хогоо хогийн саванд хаяж, боловсон 00-д үйлчлүүлж, соёлтой, хоггүй, цэвэрхэн наадамлахыг хүсч байна” гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал ярьсан юм.
Харин Сонгинохайрхан дүүргийн засаг дарга М.Чинболд “Сонгинохайрхан дүүргээс Хүй долоон худаг дахь наадмын хоолны гэр, худалдаа үйлчилгээ, хог хаягдал зэрэг асуудлыг шийдвэрлэн ажиллах болно. Нийтийн хоолны зөвшөөрөлтэй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй 150 иргэн, аж ахуй нэгжид хуушуур зарах гэрийн зөвшөөрөл олгоно. Шаардлага хангасан иргэд, байгууллагуудад ямар нэгэн төлбөргүйгээр зөвшөөрөл олгоно” гэдгийг онцолж байлаа.
Морь барианд орж ирдэг зурваст 3000 үзэгчийн зөөврийн суудал байрлуулахаар бэлтгэжээ. Харин дараа жилээс эхлэн Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох ажлын хүрээнд 8000 суудал бүхий саран хэлбэрийн стадион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. “Наадмаас өмнө Хүй долоон худаг руу очдог 22-ын товчооны замыг засварлаж дуусах шаардлагатай байгаа. “Наранбулаг хан”, “Тэгш палант дагшин харгуй”, “Омын тал” зэрэг таван компани энд бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хийдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Хорь орчим хоногийн хугацаанд энэ бүхнийг хийж амжуулсан нь гайхалтай. Долдугаар сарын 05 гэхэд бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусна. Цаашид, Хүй долоон худгийг “Монгол наадам спорт цогцолбор болгож энд Үндэсний их баяр наадам, томоохон тэмдэглэлт ой зэрэг баяр наадмыг тэмдэглэдэг болох сайхан боломж бүрдлээ. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнгээ бид европ стандартын спортын цогцолбор болгох төлөвлөгөөтэй байгаа” хэмээн хотын дарга Э.Бат-Үүл ажлыг явцтай танилцах ажлын төгсгөлд онцлон тэмдэглэсэн нь үндэсний их баяр наадмын өмнө наадамчин олны магнайг тэнийлгэсэн баярт мэдээ байлаа.
Наадам хаяанд иржээ. Ирэх наадмаар цэвэр цэмцгэр, өргөн дэлгэр, бэршээл асуудалгүй наадах болтугай.