“Мобиком” корпораци “iPhone 5” утсыг борлуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

“Мобиком” корпораци “iPhone 5” утсыг борлуулж эхэллээ

“Мобиком” корпораци “iPhone 5” утсыг Монголд албан
ёсоор борлуулж эхэллээ

Өнгөрөгч долоо хоногт “Теди” төвийн өмнөх талбайд нэгэн том цаг ажиллаж, “Төгс…ийг танилцуулахад тэдэн цаг үлдлээ” хэмээн тэр хавиар явсан хүмүүсийн анхаарлыг татан, багагүй тааварт хүргээд байсан юм. Юуг чухам “Төгс” хэмээн нэрлэв? Энэ асуултын хариуг тайлахаар том цагны өмнүүр эргэлдсэн маш олон хүмүүс өөр хоорондоо “Энэ төгс нь тэгээд юу юм бол оо?”  гэцгээнэ. Харин баасан гарагийн орой цагны учиг тайлагдаж Монголчууд бид Apple-ийн iPhone  5 утсыг анх удаа албан ёсоор худалдан авах боломжтой болсон юм. Тэди төв түүхэндээ анх удаагаа үдэш 21:00 цагт үүдээ нээж, хэрэглэгчдээ баяр ёслолын байдалтай угтан авлаа.

Дэлхийн гар утасны зах зээлд урт удаан хугацаанд шалгагдсан чанартай, дээд зэргийн бүтээгдэхүүн борлуулдгаараа нэрд гарсан “Apple” компани өнөөдрийг хүртэл зөвхөн хөгжингүй орнуудад бүтээгдэхүүнээ албан ёсоор борлуулж, харин монголчууд маань АНУ, Хонконг, Сингапураас ах дүү, танил талаараа дамжуулан iPhone утсыг авчирдаг байв. Харин одоо тэр үе ард хоцорч дэлхийн шилдэг брэндийг эх орноосоо, зөвхөн “Мобиком”-ын салбаруудаас худалдан авах боломж ийнхүү нээгдлээ. “Apple” компани ямар ч улс оронд бүтээгдэхүүн борлуулалтын дараахь үйлчилгээг үзүүлэх ажилтнуудаа тусгайлан бэлтгэдэг. Үүний дагуу Мобикомын мэргэжилтнүүдийг сурган тодорхой шалгуур, үнэлэмжээр дүгнэсний эцэст албан ёсны борлуулагчийн эрхийг олгожээ.

“iPhone 5” УТАС ЦАГ ХОЖИЖ, МӨНГӨ ХЭМНЭХ ЗЭРЭГ ОЛОН БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГСӨН УЧРААС ҮНЭ ЦЭНЭТЭЙ


“Мобиком” корпорацийн мэргэжилтэн Батбаяртай ярилцсанаа хүргэе.

-Та “Apple” компани руу явж тусгай сургалтанд суугаад иржээ. Энэ тухайгаа ярихгүй юу?

-“Apple” брэндийн iPhone 5 утсыг манай компани Монголд анх удаа албан ёсоор оруулж ирж байгаатай холбогдуулан “Apple” компанид очиж сургалтад суулаа. Энэ сургалтаараа iPhone 5 утас болон ер нь “Apple”-ийн бүтээгдэхүүнүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, хэрхэн хэрэглэх вэ гэдгээс авахуулаад олон талын мэдлэгтэй болоод ирсэн.

-iPhone 5 ер нь юугаараа онцлог юм бэ?

-“Apple”-ийн iPhone бол зөвхөн гар утас төдий биш юм. iPhone 5 утсан дээр хүмүүст маш их хэрэгтэй функц, программ, аппликейшнүүд байдаг. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хэрэглэх боломжтой. Тухайн утсан дээр ирж байгаа мэссэжийг дуу хоолойгоор уншиж өгдөг функц байдаг. Энэ бол энгийн нэг онцлох зүйл нь байх жишээтэй. Мөн хэрэглэгч  “Apple”-ийн онлайн дэлгүүрээр ороод өөрт хэрэгтэй программ, аппликейшн ч юм уу татаж авах боломжтой. Өөрөөр хэлбэл зөвхөн гар утас аваад өөртөө маш олон боломжуудыг нээж байгаа юм. Яагаад үүнийг боломж гэж хэлж байгаа вэ гэхээр хамгийн энгийн нэг жишээ хэлье. iPhone дээр iTunes U гэж аппликейшн байдаг. Энэ U нь university гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн шилдэг гэсэн их сургуулиуд болох Кембриж, Стэнфордын их сургуулийн багш докторуудын хичээл, илтгэлийг үнэгүйгээр татаж авах боломжтой гэсэн үг юм. Энэ бол манай оюутан залуучуудын хувьд маш том боломж гэдэг нь ойлгомжтой.

– “Apple” компанийн iPhone 5 утсандаа бий болгосон үнэт зүйл нь яг юу вэ?

-Утсан дээрээ хөгжим сонсох, утсаараа гэрэл зураг авах, видео бичлэг хийх, тоглоом тоглох гэхчлэн энтертаймэнт зүйлүүдийг маш гайхалтай хөгжүүлж чадсан. Үүгээрээ ч дэлхий даяар алдаршсан.  Миний хувьд “Apple” брэндийн мөнгөөр худалдаж болохгүй үнэ цэнэтэй зүйл нь юу вэ гэвэл хүний хэрэглээ болон аливаа ажлыг хялбарчилж, маш олон боломжуудыг хэрэглэгчдэд нээж өгч байгаа энэ бүх зүйл нь юм байнаа гэдгийг тэнд очоод  ойлгож авсан. Олон жилийн нөр их хөдөлмөрөөр өөрсдийн үйлдлийн системийг бий болгож, энэ бүгдийг бүтээжээ гэдгийг харсан. Хамгийн сайн программ суулгахын тулд чи өөрөө хамгийн сайн төхөөрөмжийг бүтээсэн байх ёстой гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Яг үүний сонгодог жишээ бол “Apple” юм. Тухайн утсандаа нээгдэж ажиллахад таарсан програмыг өөрсдөө зохиосноороо давуу талтай. Хэрэв та гурав дөрвөн жилийн өмнөх хуучин загварын утастай бол одоо яг iPhone 5 дээр хэрэглэж байгаа үйлдлийн системийг суулгаж хэрэглэх боломжтой. Энэ нь танд  iPhone 5  хэрэглэж байгаа мэт мэдрэмж төрүүлж чадна. 

-Өөрийг тань “Apple”-ээс сертификат авсан гэж байсан. Ямар учиртай сертификат вэ? (Apple Product Professional)

-Манай гурван ажилтан “Apple”-ийн сургалтын төвд очиж сургалтанд хамрагдсан юм. Тус компани нь бараа бүтээгдэхүүн танилцуулж байгаа мэргэжилтэн бол тухайн бүтээгдэхүүний талаар төгс мэддэг байх ёстой гэж үздэг юм билээ. Тиймээс хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн хэрэглэх боловсролд анхаарч мэргэжилтнүүдээ байнга сургадаг. Сургалтын хугацаанд нийт 22 шалгалт өгсөн гээд бодохоор өндөр шалгууртай нь харагдаж буй байх.

-Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг нүдээр үзээд ирсэн хүний хувьд орчин нь ямар санагдав?

-Сингапурт байдаг салбар нь Азийн бүсийг хариуцдаг юм. 4000 орчим ажилчинтай, компанийн соёл, ажиллаж буй орчин зэрэг нь маш өөр байсан. Нэг уулзалт товлолоо гэхэд “Cold Play” өрөөнд уулзъя гэдэг юм уу (Уулзалтын өрөөнууд нь хамтлаг дуучдын нэртэй байх г.м), ойлгоход хялбараар харьцаж, энгийн сайхан уур амьсгалтай байдаг юм билээ. 

-Хүмүүс одоохондоо iPhone 5-ийг нэг талаас имиж болгож хэрэглэж байх шиг. Яаж хэрэглэх вэ гэдгийг нь мэдээд ирсэн хүний хувьд яг ингэж хэрэглэх ёстой юм шүү, энэ нь таны ажилд хэрэгтэй гэх мэтээр илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Бизнесмэн хүний хувьд утсан дээрээ мэйл авах, хэрэгтэй аппликейшнээ татах зэргээр өөрийн ажлаа хөнгөвчлөх, цаг хожих, мөнгө хэмнэх гээд олон давуу үзүүлэлтүүд iPhone 5 дээр байдаг. Хүүхэд хэрэглэдэг бол чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд зориулагдсан функцүүдтэй. Наад захын жишээ хэлье л дээ. Нэг компанийн менежер  байлаа гэхэд хүний нэрийн хуудасны зургийг нь аваад хадгалахад л тэрхүү нэрийн хуудсан дээрх бүх мэдээлэл миний утасны contacts дээр хадгалагдана гэсэн үг. Энэ бол iPhone 5 утасны хурдны нэг илэрхийлэл. Хэрэв таны хүүхэд утсаар тань оролддог байлаа гэхэд зөвхөн тоглоом руу л орж болохоор тохиргоо хийж болно. Do Not Disturb тохиргоо буюу хэнээс дуудлага хүлээн авах уу, хэнээс авмааргүй байна, хэдэн цагт ямар дугаар руу залгах ажилтай байгаа зэргийг бүгдийг та өөрийн хүслээр тохируулж болно. Ийм олон боломжийг хэрэглэгчид нээж байгаа болохоор магадгүй төгс утас байх. Ер нь хэрэглэхгүй зүйл бол баялаг биш гэдэг. Тиймээс утсаа яаж зөв ашиглаж сурах вэ гэдэг асуултын хариуг олмоор байгаа бол хэрэглэгчид маань манай Мобиком корпорациас явуулж байгаа сургалтанд хамрагдаж мэдэж авч болох юм. Мөн залуучууд Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнд холбогдож, маш их мэдээлэл байнга солилцож байна. Магадгүй та iPhone 5-ыг зөв хэрэглэж сурвал мэдээлэл хүлээн авагч биш, цахим орчинд мэдээлэл түгээгч болж чадна шүү гэж хэлмээр байна.

  • Дашрамд дурдахад, iPhone 5 утас нь “Apple” компанийн урьд өмнөх гаргаж байсан iPhone-уудаас  хамгийн нимгэн, хамгийн хөнгөн болсноороо шинэ амжилт гэж тооцогдож байгаа юм. Мөн дөрвөн инчийн Retina дэлгэц, хүчирхэг А6 процессор, өндөр хурдны утасгүй технологи, цэнэгээ удаан хадгалдаг батарей  зэргээрээ өмнөх загваруудаасаа бүрэн шинэчлэгдэж чаджээ. “Мобиком” корпораци дэлхийн шилдэг брэндийг Монголд албан ёсоор танилцуулж байгаагаа тохиолдуулан 430.000 төгрөг төлөөд хоёр жилийн хугацаанд хүүгүй сар бүр 18 мянган төгрөг төлж, iPhone 5-тай болох боломжийг хэрэглэгчдэдээ олгож байгаа аж. Төгс утастай хүнд төгс хэрэглээ зохимжтой. Тиймээс утас авсан хүнд дата хязгааргүй, сүлжээ харгалзахгүй 900 минут ярих төгс нөхцөлийг мөн санал болгож байгаа юм билээ. Та дэлгэрэнгүй мэдээллийг www.mobicom.mn сайт болон 2211-ээс аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж