Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монголын төр ёсны уламжлалыг хүндэтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж ард нийтийн хүртээл болгох шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын тодорхой зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал, уг журмын Нэгийн 1 дүгээр зүйлд нэмэлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр нь 7 дугаар сарын 10-ны өдөр байхаар хуульчлах аж.
Мөн журмын Нэгийн 1 дүгээр зүйлд оруулах өөрчлөлтөөр “Их танхимын” гэснийг “Эзэн Чингис хааны хөшөөний өмнө хэсгийн голд” гэж, 4 дүгээр зүйлийн “Их танхимын” гэснийг “Төрийн ордон цогцолборын өмнө, тусгай зассан талбайд” хэмээснээр “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах талаар “Төрийн ордон цогцолбор дахь Их эзэн Чингис хааны хөшөөний баруун гар талд нь Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд нь Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна. Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө талбайн баруун гар талд Улсын Их Хурлын дарга, шинэ сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээ, сандал, түүний зүүн гар талд Монгол Улсын Ерөнхий сайд, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгчид зориулсан ширээ, сандал, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө талбайн голд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна” хэмээн зааж өгөх ажээ.
Тогтоолын төсөлд тусгагдсанаар “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-д “3/ 143. Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явагдана” гэсэн зүйл нэмэгдэх юм.
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж ардчилсан нийгэм төлөвшсөнөөр иргэдийн үзэл бодол, амьдралын хэв маяг, нийтээр баримталж байсан ёс суртахуун, зан заншил, үнэлэмж, нийгмийн үнэт зүйлс бүхэлдээ өөрчлөгдөж шинээр төлөвшин тогтох үйл явц тасралтгүй явагдаж байна. Энэ үйл явцыг өнөөгийн хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн Монгол Улсын төр ёсны уламжлалыг шинэчлэн хөгжүүлэх, ард иргэд нийтээрээ хүндэтгэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-д ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байна. Дэлхийн бусад улс орны туршлага, жишгээр тангараг өргөх журмыг өөрчилснөөр монгол хүний эх оронч үзлийг хөгжүүлэх, төр улсаараа бахархах, тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу үедээ мэдрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тогтоолын төслийн үзэл баримтлалд дурдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.