&#34Буянт-Ухаа 1&#34 хорооллыг монголчууд барьж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.30-нд нийтлэгдсэн

&#34Буянт-Ухаа 1&#34 хорооллыг монголчууд барьж байна

"Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн барьж байгаа залуу гэр бүлд зориулсан "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын ажлын явцтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр танилцлаа. "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" нь ОССК-ийн захиалгаар Нисэхийн дэнжид 1575 айлын орон сууцны 25 барилгыг барьж байгаа бөгөөд одоогоор ажлын явц төлөвлөгөөт хугацаанаасаа 14 хоногийн өмнө яваа юм.
Энэ үеэр "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн удирдлагууд төр засгаас санхүүжилтээ саатуулаад байгаа нь барилгын гүйцэтгэлд нөлөөлж байгааг Э.Бат-Үүл даргад дуулгаад, санхүүжилт бүрэн шийдэгдэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэв. Мөн барилгын талбайд байгаа дулааны шугам сүлжээг холдуулахгүй бол зарим барилгаа барих боломжгүй байгааг хэлж, энэхүү шугам сүлжээг холдуулах зураг төсөл хийгээд төсөв мөнгөний асуудал огт шийдэгдээгүй байгааг сануулсан юм.

"Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн ажилтай танилцах үеэр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Үндэсний бүтээн байгуулалтын корпорацид ихээхэн хүн хүч, боломж хуримтлагдаад байгаа юм байна. Ийм чадварлаг хамт олныг дахиад олон ажил хүлээж байна. "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллыг хоёрхон сарын өмнө эхэлж байсан гэхэд есөн давхар барилгын долдугаар давхарт хүрснийг харах сайхан байна. Энэ их ажлыг хийж гүйцэтгэж байгаа "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн хамт олонд барярлалаа. Энэ олон барилгыг зэрэг барихад хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ та бүхэн ажлынхаа эрчийг алдалгүй, хийж бүтээж чаддагаа улам сайн харуулаарай. Тэгвэл ажлын захиалга гарсаар байх болно" гэлээ.

Ингээд "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн барьж байгаа "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын барилгын ажилтай танилцах үеэр Хотын дарга Э.Бат-Үүл барилгын явцын талаар асууж, тодрууллаа.

-"Буянт-Ухаа 1" хорооллыг барихад хэдэн хүн ажиллаж байна вэ?

Б.Жүгдэр /Корпорацийн ТУЗ-ийн дарга/: Өнөөдөр корпорацийн бүрэлдэхүүнд "Дельта констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар барилга", "Эрэлт импекс" гэсэн таван компанийн 2600 гаруй монгол ажилчин байна. Яг "Буянт-Ухаа 1" хорооллын талбайд 700 гаруй ажилтан, 60 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байна.

-Барилгын чанарын үзүүлэлтэд хэрхэн анхаарч байна вэ?

Ц.Эрдэнэбат /Корпорацийн Ерөнхийлөгч/: Манай барилгууд бүгд бүрэн цутгамал учраас чанарт асуудал байхгүй. Угаалгын өрөө нь ч цутгамал. Өндөр нягтралтай чанартай барилгууд бий.

-Орон сууцны хорооллын машины зогсоол хаана байх вэ?

Ц.Эрдэнэбат: Байр болгон доороо гражтай, дээрээ зогсоолтой байна. Доорх граж нь олон давхар байхаар шийдээгүй. Ер нь залуу гэр бүлд зориулсан орон сууцны хорооллын зураг төслийн дагуу хийгдэж байгаа.

-Ер нь Улаанбаатарт зогсоол илүүдэхгүй. Онгорхой газар байвал  зогсоол цутгачихмаар байна?

Б.Жүгдэр: Бидний хувьд энд барих 1575 айлын хувьд хангалттай зогсоолтой байхаар шийдэж байгаа.

-Дөнгөж хоёрхон сарын өмнө эхэлсэн гэхэд барилгын ажил үнэхээр сайн явж байгаа юм байна. Есөн давхар барилгын долдугаар давхарт хүрчихсэн байгаа чинь та бүхнийг хэрхэн ажиллаж байгааг харуулж байна. Баяр хүргэе. 

Ц.Эрдэнэбат: Хөрөнгө санхүүжилт саатахгүй бол бид арванхоёрдугаар сарын 21-нд эхний 500 айлын орон сууцыг хүлээлгэж өгнө. Үлдсэнийг нь ирэх оны тавдугаар сард 100 хувь хүлээлгэж өгнө. Одоогийн байдлаар бид графикаасаа 14 хоногийн өмнө ажиллаж байгаа. Цутгадаг технологийн өөрийнх нь давуу тал гүйцэтгэл өндөр байдагт оршдог юм.

Б.Жүгдэр: "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол жилд 4000 айлын орон сууц барих бололцоотой. Хэрэв дахиад "Буянт-Ухаа 1" хороолол шиг орон сууцны хороолол барих талбай байвал бид өнөөдөр ч очоод ажиллахад бэлэн байна. Бид хөрөнгө оруулагчид биш, гүйцэтгэгчид болохоор захиалга хэрэгтэй байна.

-Нийслэлийн зүгээс ахмадын орон сууц барихаар төлөвлөөд байгаа. Энэ барилга нь доороо гражгүй байх юм. Граж хийгээд эхэлбэл хүмүүс өмчлөх гээд унадаг. Энэ бол орон нутгийн өмчийн орон сууц байна. Цаашлаад залуу гэр бүлд зориулсан орон сууц барих хэрэгтэй байгаа. Энэ бүхнийг гүйцэтгэхэд хамтарч ажиллах боломж байгаа юм байна.

Ц.Эрдэнэбат: Бидэнд хүн хүч, техник технологи гээд бүх зүйл байна. Гагцхүү ажил хэрэгтэй байна. Бид "Кристалл таун"-ы 16 давхар барилгыг нэг улиралд л цутгаж байгаа. Тиймээс есөн давхар барилга бидэнд тийм ч их бэрхшээл учруулахгүй.

Б.Жүгдэр:
Хотын даргад хэлэхэд дулааны шугамыг зөөгөөд дулаанаа шийдчихлээ гэхэд цэвэр, бохир усны эх үүсвэрийн асуудал үүсч байгаа. Энэ гэхдээ БХБ-ын сайдын багцад тусгагдсан хөрөнгө. Энэ ажил эртхэн эхлэхгүй бол хүндрэл үүснэ. Барилга бол аравдугаар сарын 1 гэхэд босгоод будгандаа орчихно. Ингээд өвөл нь манай барилгачид засал чимэглэлийн ажилдаа орно. Манай корпорацийн гол зорилго бол барилгыг улирлын нөлөөллөөс гаргах. Зун нь цутгаад, өвөл нь засвар үйлчилгээ хийхээр төлөвлөөд байгаа.

-3000 куб метрийн бохирын шинэчилсэн ажил хийх гэж байгаа юм билээ. Цаашлаад энэ хавьд 15000 куб метр бохирын шугам барихаар ажил явагдаж байгаа. Гол нь тендерийн асуудалд хугацаа алдаад байх шиг байна. Ирэх долоо хоногт УИХ-аар тендерийн хугацааг түргэвчлэх хуулийн төсөл яригдана. Бид төсвийн хөрөнгөөр гадны бараа материал худалдаж авч байхаар дотоодынхоо ажилчдыг авъя гэсэн зарчим барьж байгаа.

Б.Жүгдэр: Манай корпорацийн зорилго ч тийм. Бид үндэсний үйлдвэрлэгчдээсээ бараа материалаа авдаг. Мөн манайд зөвхөн монгол ажилчид ажиллаж байна. Ингэж байж бид гадагшаа урсч байгаа валютын урсгалыг дотооддоо үлдээж чадна. Монголын барилгачид чадвартай болсон. Одоо том төсөл болгоныг гадаадынхан авч байна. Үнэндээ тэд биднээс илүү гараад байх юм байхгүй. Одоо монголчууддаа итгэмээр байна. Бид бүтээн байгуулалтын ажилд илүү эрчимтэй ормоор байна. Гол нь бидэнд боломж олгох хэрэгтэй байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж