Тэмцээний үеэр Монголын паралимпийн волейболын холбооны ерөнхийлөгч Ш.Шинэбаяртай уулзаж ярилцлаа.
-Энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээний тухайд?
-2013 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 15 баг оролцож байна. Улаанбаатар хотоос найм, орон нутгаас долоо багийн 150 гаруй тамирчид оролцлоо. Яг энэ цагт тэмцээний медалийн төлөөх тоглолтууд болж байна. Тэмцээн амралтын хоёр өдөр “Аврагч” спорт хорооны спорт зааланд болж байна. Уг тэмцээний дараа улсын шигшээ багийг бүрдүүлэх учиртай учир тэмцээн ихээхэн ач холбогдлыг өгч байна.
-Шигшээ багийг бүрдүүлнэ гэлээ.
-Улсын аваргаас шигшээ багт багтсан тамирчдад батламжийг гардуулна. Эрэгтэй, эмэгтэй тус бүр арван тамирчинг сонгож улсын шигшээ багийг бүрдүүлнэ. Шигшээ багийн хувьд ирэх наймдугаар сард болох Азийн аваргад оролцоно. Азийн аваргад бид амжилттай оролцвол паралимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох юм.
-Энэ жилийн улсын аваргад орон нутгаас олон баг иржээ.
-Тиймээ, энэ жил орон нутгаас олон баг ирлээ. Эрдэнэт, Говь-Сүмбэр, Дундговь, Говь-Алтай аймгуудаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа ирлээ. Хамгийн хол нь 1000 гаруй километрээс Говь-Алтай аймгийн баг ирж, эмэгтэй баг нь хүрэл медалийн төлөө Орхон аймгийн багийг хожиж хүрэл медалийн болзол хангалаа. Орон нутагт паралимпийн волейболын тэмцээн өндөр хөгжиж байгааг харуулж байна. Тиймээс холбооны зүгээс орон нутагт тэмцээн уралдааныг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Манай паралимпийн волейболын тамирчид Олон улсын тэмцээнд хэрхэн оролцож байсан бэ?
-Монголын паралимпийн волейболын амжилтын тухайд гэвэл 1990-ээд оноос эхлэн Олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. ОХУ-ын Эрхүү хотод болдог Олон улсын тэмцээнээс 1993, 1995, 2000 онуудад эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль хүртсэн. Мөн 2011 онд БНСУ-ын Пусан хотноо болсон Азийн аваргаас эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн. 2000 онд Голланд улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй баг амжилттай оролцож дөрөвдүгээр байр эзэлж байсан. Манай эмэгтэй баг Ази тивдээ их хүчтэй өрсөлдөгч баг.
-Холбооны зүгээс дараагийн зорилго?
-Энэ оны холбооны том зорилго бол Азийн аваргаас медаль хүртэж, цаашлаад паралимпийн олимпод оролцох эрх авахыг зорьж байна. Монголоос багийн төрөлд олимпод оролцож байсан түүх үгүй. Тиймээс бид паралимпд монголын баг оролцохын төлөө ажиллаж байна. Мэдээж том амжилт гаргахын тулд бидэнд бэлтгэлээ тогтмол хийх заал танхим хэрэгтэй. Өнгөрсөн онд спортын хувьд томоохон үйл явдал болсон. Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай болсон бидний хувьд төр засгаас ихээхэн дэмжиж зориулалтын заал танхимыг барьж өгвөл эх орныхоо нэрийг ази, дэлхий цаашлаад паралимпийн түүхэнд гаргах боломж бий гэдгийг хэлэх байна. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй пара иргэдийн хувьд зориулалтын талбай чухал байдаг. Тиймээс бид зориулалтын талбайтай болчихвол олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулж, тамирчдынхаа ур чадварыг улам сайжруулах болно.