
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болж, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогчдын 50,23 хувийн санал авснаар ялалт байгуулсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу хэсэг, тойргийн хороодын дүнг нэгтгэж, СЕХ-нд хүргүүлснээр СЕХ нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Энэ дагуу СЕХ-ноос бүх аймаг, дүүргийн хэсгийн хорооноос ирүүлсэн дүнг нэгтгэн, маргааш УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригт хуралдаад завсарлана. Тэгвэл, пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох болзол хангасан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх товыг зарлах юм байна.