“Монголын бонд”-ын ханш унасан шалтгаан

Хуучирсан мэдээ: 2013.06.29-нд нийтлэгдсэн

“Монголын бонд”-ын ханш унасан шалтгаан

 Дэлхий дээр 85 их наяд ам.долларын Засгийн газрын бонд байдаг гэсэн статистик бий. Үүнд, Монгол Улсаар овоглосон 1.5 тэрбум, 580 сая ам.долларын бонд тус тус багтаж буй. Бонд өрийн нэг хэлбэр боловч хөгжлийн бас нэг гарц. Тиймээс бондын ханш унах нь ирээдүйд төлөх бидний өр өсөхийн сацуу гадны хөрөнгө оруулалт зайгаа авахын эхний шинж. “Чингис” бонд болон Хөгжлийн банкны бондын ханш суларсан шалтгааныг эдийн засагчид ийн тайлбарлаж байна.

Хууль эрх зүйн орчны тодорхой бус байдал
бондын ханшид нөлөө үзүүлсэн

 
О.Чулуунбат /Эдийн засгийн хөгжлийн дэд сайд/

-“Чингис” бондын ханш унаж байгаа нь үнэн. Нэгдүгээрт, улс төрийн сонгуулиудтай холбоотойгоор манай эдийн засаг, бизнесийн идэвхитэй үйл ажиллагаа буурсан. Хоёрдугаарт, мөнгөний эх үүсвэр болж байсан уул уурхайн салбарыг зохицуулах ашигт малтмалын тухай хуулийн төсөл хүлээлт үүсгэсэн. Энэ нь гадны хөрөнгө оруулалтыг царцанги байдалд хөтлөөд зогсохгүй хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлсэн. Мөн Хятадын “Чалко”, “Рио Тинто” компаниудтай Засгийн газрын түвшинд маргаантай асуудал яваа нь дээрх байдалд давхар нөлөө үзүүлсэн. Үүнээс болоод бондын үнэлгээ буураад байна. Манай дотоодын хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдад таатай болохын хэрээр мөнгөний урсгал нэмэгдэж, дотоодын эдийн засаг орлоготой болмогц бондын ханш дагаад сэргэнэ.

Засгийн газар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх учиртай

 
Л.Бямбаа /Эдийн засагч/

-Бондын хүү тухайн улсынхаа зээлжих зэрэглэлээс хамаараад эрсдэлийг нь  илэрхийлж буй хэмжүүр. Уг хүү нь хоёр дахь зах зээлд өсөөд байна гэдэг чинь хөрөнгө оруулагчдын итгэл муудаж байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл, өндөр өсөлттэй учраас хөрөнгө оруулагчид илүү өндөр хүү нэхнэ гэсэн үг. “Чингис” бондын ханш уналаа гээд одоогийн 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөд нөлөө үзүүлэхгүй. Харин ирэх жилүүдэд төлөвлөж байгаа бондыг гаргахад урдынхаас илүү өндөр хүү тогтох вий. Учир нь хөрөнгө оруулагчид Монголын бондыг илүү эрсдэлтэй гэсэн хүлээлтээр хандахыг үгүйсгэх аргагүй. 1.5 тэрбум ам.долларыг Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу зарцуулж, амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Ямар зорилгоор бонд босгосон юм. Түүнийгээ цаг хугацаанд нь амжуулах учиртай. Ингэснээр хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Тэдний  итгэлийг олсон тохиолдолд дахин бонд гаргахад хөрөнгө амжилттай босгох боломжтой. Тэгэж чадаагүй бол хүү нь өсөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтад  хүндрэл үүснэ.

Монголд итгэх итгэл суларч байгааг ханшийн уналт харуулж байна

 
З.Оюунцацрал /СЭЗСД-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш, профессор/

-Бондын ханш унаж байгаа нь Монгол Улсын нэр хүндийн асуудал. Олон Улсын зах зээлд үндэстний бахархал болсон “Чингис” хааныхаа нэрээр бонд гаргасан. Гэтэл жил ч хүрээгүй хугацаанд ханш суларч байгаа  нь цаашид бондоор хөрөнгө босгох Засгийн газар бэрхшээлтэй тулна гэсэн үг. Тухайлбал, үлдэж буй 3.5 тэрбум ам.долларын бондод өндөр хүүтэй, хатуу нөхцлийг хөрөнгө оруулагч нар санал болгож мэднэ. Нэг талаасаа Монгол Улсын бондод итгэх итгэл суларч байгааг ханшийн уналт харуулж байна. Түүнчлэн ямар ч тохиолдолд илүү баталгаатай байх Засгийн газрын бондыг худалдан авах эрэлт тааруу байна гэдэг итгэлцэлтэй шууд холбоотой. Уг нь “Чингис” бондыг худалдан авах сонирхлоо хөрөнгө оруулагчид манайд илэрхийлсэн тохиолдолд ханш сэргээд ирнэ. Өнөөдөр эрэлт сул байгаагаас ханш унаж байна. Ханш унах нь бондын өгөөж муудах эрсдэлийг дагуулж байдаг. Өгөөж эрсдэлтэй байвал тухайн бондыг хэчнээн хямд арилжаалсан ч худалдан авахгүй.

Зарцуулалт буруу байгаагаас бондын ханш унасан

 
Б.Лхагважав / Эдийн засагч, эрхзүйч/

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилд эрчимтэй өссөн. Өнгөрсөн хугацаанд гаднын хөрөнгө оруулалт ч дотоодын зах зээлд амжилттай цэцэглэж чадсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, Монгол Улсын бондыг худалдан авах эхний алхмыг хийлгэсэн. Гэтэл өнөөдөр ханш унаж байгаа нь Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Энэ нь бондын ханшаар илэрч байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдад амласан ёсоор  дэд бүтцийн томоохон төслүүдэд дорвитой хөрөнгө оруулалт хийхгүйгээр өөр зүйлд бондын мөнгөө зарцуулж байгаа нь ханш унахад нөлөөлсөн. Үндсэн чиг зорилгоосоо хазайж бондын хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад мэдээж хөрөнгө оруулагчид таатай хандахгүй. Зарцуулалт буруу байгаа нь бондын ханшид уналт дагууллаа. Засгийн газрын бонд бол банкнаас авч буй өр. Тиймээс цаана нь банкны эрсдэл гэж байдаг. Цаашид  манайх бонд гаргалаа гэхэд нэлээн хүнд нөхцөлд хөрөнгө босгох болов уу. Ийм уур амьсгал өнөөдөр бүрдээд эхэлчихлээ.

Манай бондыг зарах сонирхол их байх тусам ханш унана
 

Б.Эрдэнэбат /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, судлаач/

-“Чингис бонд”-ыг хөрөнгийн биржээр арилжаалаагүй. Угаас гадаад зах зээлээс хөрөнгө босгох үйл явц нь нээлттэй бус хаалттай байсан. Тиймээс өнөөдөр ч мөн адил ханшийн уналтын талаар нийгмийн цөөн хэсэг л мэдэж байна шүү дээ. Гэтэл бонд ирээдүйн өр. Түүнийг төлөх эзэд нь нийт монголчууд. Харамсалтай нь бондын талаарх мэдээлэл дотоодын зах зээлд төдийгүй иргэдийн дунд шинэ ойлголт хэвээр байна. Хэрвээ “Чингис” бондыг хувь хөрөнгө оруулагч нарт бус хөрөнгийн биржээр зарсан бол ханшийн өсөлт, уналтын талаарх мэдээлэл илүү хүртээмжтэй байх байлаа. Биржээр дамжуулаад ханшийн дүнг ажиглаад байх боломжтой. Түүнээс одоогийн нөхцөлд шууд зөв, буруу гэж дүгнэлт өгөхөд эрт байна. Манай бондыг худалдан авсан компаниуд хоорондоо хэдээр наймаалцаж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ханш унах олон шалтгаан бий. Тухайн бондын худалдан авсан банкны мөнгөний эрэлт хэрэгцээ нь ихэссэн бол тэд бондоо зарна. Тэр тусмаа манай урд хөрш өнөөдөр  бэлэн мөнгөний гачаалд ороод байгаа. Энэ тохиолдолд Хятад зах зээлд бондоо арилжаалж  магадгүй. Манай бондыг зарах сонирхол их байх тусам ханш нь унана. 

Ирээдүйгээс босгох хөрөнгө оруулалт хүнд нөхцөлд, илүү үнэтэй олдоно
 

 М.Чимэддорж /Эдийн засагч/

-“Чингис” бондын ханш унаж байгаа нь түүнээс хүртэх ашиг илүү эрсдэлтэй болж байгаатай  холбоотой. Монгол Улсын бондын өгөөж муудсан нь хөрөнгө оруулагчдын итгэл суларч буйн шинж. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчид цөөрч байгааг бондын ханшнаас харж болохоор байна. Энэ тохиолдолд ирээдүйгээс босгох хөрөнгө оруулалт хүнд нөхцөлд, илүү үнэтэй олдоно гэсэн үг. Манай улсын хувьд нэг удаа олон улсын зах зээлд бонд гаргахгүй нь мэдээж. Тиймээс  хариуцлагатай, ил тод, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бодитой биелүүлэх нь хамгаас чухал. Бонд хэзээд тухайн орны эдийн засаг, нэр хүндийн баталгаа болж байдаг. Ханш унаж байгаа нь манай улсын нэр хүнд унаж байгааг нэг талаасаа илэрхийлж буй хэрэг.


Б.Баяртогтох

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж