Ус татаж уул уурхайг хангасан туршлага

Хуучирсан мэдээ: 2013.06.29-нд нийтлэгдсэн

Ус татаж уул уурхайг хангасан туршлага

АВСТРАЛИЙН МАНДАРИН ХОТООС КАЛГУУРЛИ ХОТ ХҮРТЭЛ 560 КМ ХООЛОЙГООР УС ТАТАЖ, УУЛ УУРХАЙГ ХАНГАСАН ТУРШЛАГА

“Бидний ирээдүй болох сайн санаат хүмүүсээ !, Эрт нэгэн цагт Иссайб өгүүлрүүн “тэр хүмүүс бөглүү алс говь цөл дундуур ус урсган авч ирсэн” гэдэг шиг асар их зориг, чармайлт гарган алсыг харсан төсөл хэрэгжүүлсэнийг хэзээ нэгэн цагт та нар хүлээн зөвшөөрнө гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна”

Баруун Австрали улсын ерөнхий сайд Жонн Форесть, 1903 он.

Дэлхийд анхны бөгөөд хамгийн их туршлага хуримтлуулсан 100 жилийн түүхтэй энхүү төсөлтэй танилцахаар усны бодлого, зохицуулалт хариуцсан төрийн төлөөлөгчид, ашиглалт хариуцах төрийн өмчийн үйлдвэр, төсөл хэрэгжүүлэх байгууллагын хэсэг БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан газар дээр нь танилцаж, холбоо хэлхээ  тогтоон, энэ чиглэлд авах гээхийн ухаанаар хамтрах шанг татсан гэхэд болохоор боллоо. Асуудал үүссэн нөхцөл болон алсад ус татах болсон шалтгаан, энэ төслийг хэрэгжүүлэхэд хувь хүний хүчин зүйл, улс төрчийн харизм, олон түмний эсэргүүцлийг даван байж өнөөдрийн гайхамшиг, баян тансаг Баруун Австралийн холбооны улсыг хэрхэн бий болгосныг ярих нь ТУРШЛАГЫН салшгүй нэг хэсэг гэж үзэж байна.

нэндээ бүх зүйл өнөөдрийн баян орны бяцхан хот Калгуурлигээр дүүрэн хөшөөгөө босгуулсан алт үүрсэн “кандляр” цүнх үүрсэн “тэнэмэл” Пайдди  Ханнан гуйагаас гаралтай. Хувиар алт олзворлогч мань хүн энэ газраас томоохон тунгаамал алт олж цүнхэлсэн нь шуугиан тарьж, улмаар тэр газар луу бүгд хошуурчээ.Энэ бол 1893 он.110 жилийн өмнө. Тэр цагт Баруун Австрали бие даасан улс байгаад хожим Австралийн холбоонд нэгдсэн.Нийслэл нь одоогийн Перть хот.Шинжээчид явж үзээд усгүй, шүхэр мод хагас цөлийн бут бүрхсэн, имж билчсэн энэ нутаг тамтаггүй баялагтайг мэджээ.

Түүхийн дараагийн хамгийн том туршлага нь тэр үеийн баруун Австрали улсын ерөнхий сайд Жон Форесттой холбогддог. Австралийн түүхэнд хамгийн зоримог, солиотой риск хийж чаддаг, тухайн үед ямарч эсэргүүцлээс айгаагүй энэ ерөнхий сайд улсынхаа 2 жилийн төсвөөр нийслэлийн дэргэдэх Мандарин хотын Хелена хэмээх жижиг голын усыг боож баруун австралийн далайн эргээс нутгийн гүн рүү 560 гаруй км ус татаж аваачин уул уурхай хөгжүүлэх санаачлага гарган, дэмжлэг авахын тул парламентийн хурал дээр 3 цаг илтгэл тавин ятгасан түүхтэй.

Энэ үед цахилгаан эрчим хүч, гагнуурын технологи ашиглагдаагүй уурын турбин дөнгөж нэвтэрсэн үе байсан. Энэ төслийн удирдагчийг сонгосон нь Форестийн агуу зөн билэг байсан. Ирландаас гаралтай шинэ Зеландад хэд хэдэн ажил хэрэгч төсөл хэрэгжүүлсэнО’Kоннорыг шефь-инженер шинжээчээр сонгож авснаар хожмын австралийн хоолны жор болохоос авхуулаад,  хөшөө дурсгал, музей түүхийн амьд бахархал болон үлдсэн байна. Манайд Чингэсгүй зүйл байхгүй шиг баруун Австральд О’Kонноргүй зүйл алга.

”Коннорыг уг нь сэтгэцийн хувьд проблемтэй хүн байсан гэж зарим түүхчид үзсэн байна. Энэ төсөл хэрэгжиж байх явцад ерөнхий сайд сонгуулийн дараа Австралийн төв холбоонд карьер хөөх хооронд О’Kоннор бүтэшгүй зүйлд хайран мөнгө цацсан, хэрэгжихгүй, гол мөрөнд муугаар нөлөөлнө, хөгийн цагаачин ирланд, харийн тагнуулаараа дуудуулж муугаа үзэн, хардуулж, хясагдан, хэвлэл мэдээллээр гүтгүүлэн байж ажлаа дуусгаад, “ус ирэхгүй бол ёроолын ус хаягчийг бөглө” гэж захиас бичээд, ус 567 км явж ирэх нь тодорхой биш байх үед дарамтыг давалгүй өөрийгөө бууджээ.

Үхсэнээс нь 1 сарын дараа хүссэн ус нь Калгуурлид ирэх үед Жон Форесть ирж нээлт хийсэн үг нь агуу О’Kоннор шефь-инженер гидротехникчийн тухай байсан юм. Калгуурлид уурхайн хот байгуулан, Мандарин хотыг ХАА том фармеруудын муж болгон усаар хангах төслийг ийнхүү 1898-93 онд байгуулжээ. Эхлээд Хелена гол дээр ус халиах байгууламж бүхий дунд оворын 31 м өндөр хайрган боомт барьж, боомтынхоо усыг 600 мм-ийн дамжуулах хоолойг гагнуур гараагүй үе тул төмөр листийг матаж дагууд нь бөгжлөн хажилж холбон, доторыг нь цементээр хулдаж, хооронд нь углуургадан 550 км зайнд татжээ.

Цемент,төмрийг Англи, Германаас импортолсон байна.Боомтыг гар аргаар хүрз зээтүү, лоом шороо түрдэг тэргээр 2 жилд, хоолойг 1 жилд татсан гэдэг. Улмаар 1931-41 онууд, 1941-2011 он хүртэл сайжруулсаар далангаа өндрөлсөөр ирсэн байна.Одоо тэр зоригт санаачлагын бүтээлүүд үзэсгэлэн болон үлджээ. Ус шахаж байсан уурын турбинаар ажилладаг помп, уурын зуух, 1937-43 онд дайны үед герман, англи төмөргүй болсон тул царс модон банзаар усны хоолой хийж төмөр утсаар бөгжлөн 75 км явуулсан нь бүгд музейн үзмэр болж. Ингэж барьсан 567 км ус дамжуулах хоолойгоо тэд “гольден пайплайна” хэмээн нэрийдэж эдүүгээ үнсэх нь холгүй байх юм.

Харин өнөөдрийн уул уурхай, ХАА, хот суурингийн ус хангамж, ус цэвэршүүлэх байгууламж, бохир ус цэвэрлэх үйлдвэр нь бүхэл бүтэн төгс артер-венийн судаснаас капиляр хоолойруу дамжсан амин систем болон өргөжсөн, хамгийн орчин үеийн бүтээн байгуулалт болсон байна. Одоо баруун Австралийн энэ “алтан хоолой-оос салбарлан 9000 км ус дамжуулах хоолой, олон усан сан, цэвэрлэх байгууламжууд хоорондоо холбогдон үлгэрлэвэл хүний зүрх судасны систем шиг хөгжил хөдөлгөөн, эрчим хүч, ариун цэвэр-эрүүл ахуйн цогц болсоныг үзэж, лекц сонсож, материал цуглуулж, холбоо тогтоож авсан нь Пайдди гуайн олсон алтнаас юугаар дутах билээ. Энэхүү том систем эдүгээ 117 уул уурхайн үйлдвэр, 33 мянган орон нутгийн байгууллага, 8000 фармерийн аж ахуйг 28 сая шоо метр усар хангаж байна. Ямар ч гацаагүй, экологийн хувьд ээлтэй, чанарын хувьд стандартыг хангажээ. Одоо Мандарины усан сангийн боомтыг 31 м өндөр байсныг 1946-51 онд 76 м өндөрлөж, 63,6 гегалитр ус хуримтлуулж, газрын доорх усны нөөц, ашигласан усаа цэвэршүүлэх нөөцтэй холбон, бие биенийгээ нөхөн сэргээх, ачааллыг тэнцвэржүүлэх, найдвартай усаар хангах сүлжээ болгон шийдвэрлэсэн байна.

Бас нэг онцлог нь энэ бүх “зүрх–судасний системийг” хэрэгжүүлэн гүйцэтгэх, ашиглалт, үйлчилгээ, шинэчлэлийг нь 3000 хүнтэй баруун Австралийн төрийн өмчит корпораци болох “WATER CORPORATION of Australia” цагийн механизм шиг ажиллаж, санхүүжилт, бүтэц , засаглал нь бараг төгс хэлбэртэй болсон  нь авууштай томоохон туршлагын  нэг байх аа.

Баруун Австралийн холбооны улс нь улсдаа хамгийн баян бөгөөд, 2.5 сая хавтгай км нутагтай, 2 сая хүнтэй, уул уурхай, мал аж ахуй, газар тариалангийн гол хангамжийн орон. Манайхтай тун төстэй боловч 100 жилийн өмнө үүнийг сэтгэжээ.
Манайх авах бас нэг том туршлага нь гадаргын усаа газрын доорх усны нөөцтэй тэнцвэржүүлэн хангах автомат системд оруулах, хэрэглэсэн усаа дээд зэргээр цэвэршүүлэн буцааж ундаа ба үйлдвэрт ашиглах, газрын доорх ус агуулах хурдасыг усаар бялхуулан нөхөн сэргээх хамгийн орчин үеийн технологийг нэвтрүүлэх нь юуны өмнө чухал байна.

Тэд урд талдаа устай бол хойноо байгаа говьдоо асар их эрдэнэс болох алт, никель, дэлхийн нөөцийн 20 хувийг хангах хөнгөн цагааны ордтой ч усгүй, бас замдаа асар том ХАА эрхлэх талбайтай байжээ.  Манайх урдаа асар их баялагтай газрын доорх ус хязгаарлагдмал, замдаа усны чанар муу олон хэрэглэгчтэй, хойноо бүх усны нөөц бараг бүгд байгаагаараа яг адил. Тэд газрын доорх усаа ашиглаж буй уул уурхайн ус агуулах хурдасыг хот сууринд хэрэглэсэн усаа цэвэршүүлэн гүн лүү шахаж, “гольден пайплайна” гадаргын болон газрын доорх усны балансыг яс бариулж, улмаар гол мөрөн усан сангийн сүлжээ үүсгэн холбосноор говийг ойзис болгож, халуун орны тропикийн ургамалаар бүрхүүлж, үлгэрийн баруун Австрали улс байгуулж нэг хүний сарын орлогыг 60 мянган ам долларт хүргэсний гол гавъяатнаар  Хелена голын бяцхан усан сан, “гольден пайплайна” хоолойнууд, бас О”Коннор гуай, хэрмэл Пайдди гуай, ухаант ерөнхий сайд Жон Форест гуайг нэрлэж алдаршуулан шүтэжээ.

Бидний хамгийн гол авах нэг туршлага хот суурин, уул уурхай, ХАА-н фармер, борооны усыг цуглуулан хамгийн орчин үеийн технологиор /тэд германы мембран технологи, халдваргүйжүүлэх, туяагаар шарах зэрэг/ цэвэршүүлэн ус хангамж, экологийн нөхөн сэргээлтэнд ашиглаж байгааг шууд хуулбарлан ашиглах ёстой.Улсын буян, мэргэжлийнхээ буянаар үзсэн олон ус хангамжийн системээс хамгийн их монголын нөхцөлд тохирсон цогц систем энд байна гэдгийг дуулгах нь зүйтэй.

Бид шинэ зүйл сэдэх, шинэ нээлт гаргах, шинэ технологи олох, шинэ стандарт монголд тохируулж санаашрах хэрэггүй шууд авч зэрэгцэн давхих нь цаг алдахгүй сайн тал. Бас уул уурхайн бодлогодоо эхэлж металл хайлуулах, зэс цувиулах гээд байхгүйгээр энэ улс шиг шууд баяжуулан гаргаж мөнгө, цаг хожих нь үлгэрлэмээр гэж бодогдож байна. Эд нар асар их төмөр, диц, боксит, алт, коксждог нүүрстэй боловч япон,солонгос,хятад, америкаар боловсруулуулж, ус цэвэрлэх технологийн мембран, ус дамжуулах хоолой, шахах помп зэргээ Германы сиеменсээс авч, барих техникээ комацу, катаас авч ажилчнаа өөрөө бэлдэж байна. Баруун австралийн их сургуульд байгаль орчин, усны нөөцийн менежмент энэ тэр гэж хадууралгүй яг ус хангамж, усны барилгын гидравлик инженер, цэвэрлэх байгууламж, гидрологи, гидрогеологиор хүмүүсээ урт богино сургалтанд хамааруулах боломжийг нэн яаралтай ашигламаарбайх юм.

Манайтай хэлхээ холбоогоо өргөжүүлэх эрмэлзэл ихтэй, англи хэлтэй энэ оронтой хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын төвшинд усны асуудлаар өндөр хэмжээний айлчлал хийж, холбоо тогтоогоосой. Зоригтой хийсэн алсыг харсан алхам баруун австралийг газрын диваажин болгосон гэвэл хэтрүүлэг болохгүй.Уул,уурхайн ус хангамжийг шийдвэрлэхээр алсын зайд ус тээвэрлэн хүргэсэн маш тодорхой мэдээлэл, тооцоо, зургийг энд ярих нь илүүц тул Жон Форест ерөнхий сайд асны яг зуун жилийн өмнө хэлсэн үгээр төгсгөе.

Тэрээр: “Бидний ирээдүй болох сайн санаат хүмүүсээ !, Эрт нэгэн цагт Иссайб өгүүлрүүн “тэр хүмүүс бөглүү алс говь цөл дундуур ус урсган авч ирсэн” гэдэг шиг асар их зориг, чармайлт гарган алсыг харсан төсөл хэрэгжүүлснийг хэзээ нэгэн цагт та нар хүлээн зөвшөөрнө гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна” хэлсэн юм.


“Монгол ус” ТӨҮГ-ын захирал Ц.Сосорбарам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж