Тэмцээний нэг, хоёдугаар тойргийг амжилттай давсан Японы Кимико Датэ Крумм гуравдугаар тойрогт тэмцээнийг тэргүүлж буй АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямстай оноолт таарсан. Өдгөө эмэгтэй теннисдийн холбооны/WTA/ 84-т бичигдэж буй Япон теннисчний хувьд “Уимбльдон”-ы гуравдугаар тойрогт дэлхийн манлай теннисчинтэй тоглоно гэдэг нэр төрийн хэрэг болж буй. Мөн "Уимбльдон"-ын кортон дээр өнөө цагийн дэлхийн шилдэг теннисчин Серена Уильямстай тоглоно гэдэг Япон теннисчний хувьд ялагдсан ч түүхийн бахархал болж үлдэнэ.
Датэ Крумм энэ оны Австралийн нээлттэй тэмцээний 1/64-д шалгарч Францын нээлттэй тэмцээний нэгдүгээр тойргийг давж чадаагүй. Гэсэн ч тэрбээр "Уимбльдон"-нд шилдэг 32-т багтаж Серенагийн эсрэг гарч ирлээ.
1994, 2010 оны Азийн тоглолтын аварга Датэ Крумм 1996 онд “Уимбльдон”-ы хагас шигшээд шалгарч байсан бөгөөд тэр жилдээ зодог тайлжээ. Теннисний талбайдаа 12 жилийн дараа буюу 2008 онд эргэн ирсэн Датэ Крумм 2009 онд БНСУ-ын "Hansol Korea Open"-д түрүүлж шуугиан тарьж байсан. Түүнээс хойш чансаа нь 100-с буухгүй байгаа.
Магадгүй хүч тэнцвэргүй мэт Серена, Датэ Круммийн тоглолт харагдаж буй ч тоглолт яаж ч эргэж мэднэ.
Өнгөрч буй өдрүүдэд “Уимльдон”-ы кортон дээр олон ч шилдгүүд тэмцээнийг орхиж буй ч "Их дуулга"-ын 16 түрүүг хүртэхдээ "Уимбльдон"-нд таван удаа түрүүлээд байгаа агуу Серена Уильямс ээлжит цомынхоо төлөө тэмүүлсээр. Түүний хүчтэй өрсөлдөгч болох ОХУ-ын Мария Шарапова, Беларусын Азаренка нар тэмцээнийг эртнээс орхисон нь түүнд боломж буйг улам бататгаж буй гэлтэй.