Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тайланг Сонгуулийн
Ерөнхий хороонд мэдээллээ. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга
Ё.Гэрэлчулуун “Сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 26-нд ямар
нэгэн зөрчил гарсангүй. Нийслэлийн хэмжээнд нэрийн жагсаалтад
бүртгүүлсэн 817154 сонгогчоос 561288 сонгогч буюу 68,6 нь санал өгсөн
ирцтэй байсан. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн төлөө 305760, МАН-аас
нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн төлөө 217824, МАХН-аас нэр дэвшигч Ц.Удвалын
төлөө 4787 сонгогч саналаа өгчээ. Хуулийн дагуу дүүрэг тус бүрээс хоёр
хэсгийн хороонд хяналтын тооллого явуулсан бөгөөд нийт 368 хэсгийн
хороодоос ирсэн саналын хуудас, сонгогчдын бүртгэл зэрэг материалуудыг
Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлж байна” гэлээ.
Сонгуулийн Ерөнхий
хорооны дарга Ч.Содномцэрэн “Нийслэлийн сонгуулийн хороо нь энэ
удаагийн сонгуулийг хуулийн дагуу амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн сонгуулийн хороотой холбоотой ямар нэгэн гомдол СЕХ-нд
ирээгүй бөгөөд иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж,
сонгуулийн явцын мэдээллийг цаг алдалгүй хүргэж, онлайнаар хянах
боломжийг олгосон нь давуу тал байлаа. Мөн гадаадын ажиглагчдын хэсгийн
хороодын ажиллагааг хянах бололцоог бүрэн хангасанд гадаадын ажиглагчид
таатай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 99 хувийн
амжилттай болсон гэдгийг гадны ажиглагчид хэлж байна. Энэ нь өмнө нь
бусад орнуудын авч байгаагүй үнэлгээ юм” гэж гэж мэдэгдсэн юм.