8 хувийн хүүтэй зээл яаж авах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

8 хувийн хүүтэй зээл яаж авах вэ?

8 хувийн хүүтэй зээл яаж авах вэ?

Хүн хүндээ хэлж өгье

Монголбанкнаас орон сууцны 8 хувийн зээлийн журмыг батлаад удаагүй байгаа ч арилжааны банкууд зээл хүссэн иргэдийн хөлд дарагдаад байна. Хөтөлбөрийн эхний 8 хоногт  8712 өрх өмнөх зээлээ 8 хувийн хүүтэйд шилжүүллээ. 251 тэрбум төгрөгийн зээл дахин санхүүжүүлсэн байна. Найм хоногт 403 өрх 17,1 тэрбум төгрөгийн шинэ зээл авчээ. “Цалинтай л бол байртай” болох 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн 8 хоногт 9115 иргэн үр дүнг нь хүртлээ. Нэг өрх дундчаар дөрвөн хүнтэй байдаг учраас 40 шахам мянган хүн хамрагдсан нь нэг аймагтай тэнцэнэ.
Өмнө авсан өндөр хүүтэй зээлээ 8 хувьтайд хэрхэн шилжүүлэх, шинээр хамрагдахад хэрэгцээ шаардлагтай мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Шинээр зээл хэрхэн авах вэ?

18 нас хүрсэн, тогтмол ажил орлоготой Монгол улсын иргэн бүр хамрагдах эрхтэй. Хот, хөдөө гэлтгүй орон даяар энэ хөтөлбөр хэрэгжих юм. Зээл хүссэн иргэн :

  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” болон “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны зээлгүй байх;
  • Сүүлийн нэг жил байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчийн хувьд 2-оос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Зээлийн хугацаанд амь насны даатгалд даатгуулах;
  • Зээлдэгчийн өрхийн татварын өмнөх орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэхүйц байх ёстой юм.

Та орон сууцны 8 хувийн зээл авахын тулд юуны өмнө бүрэн ашиглалтанд орсон, 80 м2-аас багагүй талбайтай шинэ, эсвэл одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас сонгон, хөтөлбөрт хамрагдсан аль нэг банкинд хандана уу. Орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийг Монголбанкны шалгуурыг давсан “ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис хаан банк”, “Капитал” гэсэн  14 банк олгож байна.

Та байраа сонгосны дараа доорхи нийтлэг материалыг бүрдүүлэх бөгөөд нарийн мэдээлэл нь  банк тус бүрээс хамаараад бага зэрэг өөрчлөгдөнө.

Үүнд:

  • Зээлийн өргөдөл,
  • Цахим үнэмлэх, 1 хувь цээж зураг
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Орон сууцны өмчлөх эрхийн  гэрчилгээ
  • Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан)
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Өрхийн болон Бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
  • Банкнаас шаардсан бусад баримт бичиг

Та материалаа хэр хурдан бүрдүүлэхээс шалтгаалаад зээл гарах хугацаа харьцангүй өөр байх бөгөөд банкнаас зээл олгох тухай шийдвэр гарсаны дараа та худалдагч талтай худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 30%-ийг худалдагч талын дансанд шилжүүлнэ. Ингээд банктай зээлийн барьцааны гурвалсан гэрээ хийнэ. Барьцааны гэрээ хийсний дараа харъяа дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт гэрээг бүртгүүлнэ.

Эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

1.    Зээлийн болон барьцааны  гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
2.    Нотариатаар гэрчлэгдээгүй гэрээний хувьд иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээний хуулбар
3.    Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
4.    Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар
5.    Үйлчилгээний хураамж: 0.05% , яаралтай бол 0.1%
6.    Эд хөрөнгийн барьцааны  эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд  5000 төгрөг
7.    Барьцаалбар үйлдсэн бол хавсаргах /үйлчилгээний хураамж 3000 төгрөг/
8.    Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ. Үүний дараа банкиндаа очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкинд барьцаалснаар банк худалдан авагч талд зээлийг бүрэн шилжүүлнэ. Ийнхүү та орон сууцандаа ороод, авсан зээлээ 20 жилийн турш, 8 хувийн хүүтэйгээр эргэн төлөх юм.

Хуучин зээлээ 8 хувьтайд хэрхэн шилжүүлэх вэ?

Арилжааны банкуудад орон сууцны зээлийн үлдэгдэлтэй иргэд 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэх боломжтой. Ингэхийн тулд  Зээлдэгч зээлээ шилжүүлэх хүсэлтээ өмнө нь орон сууцны зээл олгосон арилжааны банкны  салбар, тооцооны төвд хандаж гаргана.

Зээл шилжүүлэхэд тавигдах шаардлага нь шинээр ипотекийн зээл авахад тавигдах бүх шаардлагатай ижил бөгөөд зээлдэгчийн гараар бичсэн өргөдөл, зээл хүсэгч, хамтран зээлдэгчийн  цахим иргэний үнэмлэх болон банкнаас шаардах бусад материалыг бүрдүүлснээр жилийн 8 хувийн зээл рүү шилжүүлэх боломжтой юм.

Бэлтгэсэн “Миний хаяг: Монгол” санаачилгын гишүүн, Barilga.mn-ийн сэтгүүлч Б.Цолмонтуяа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж