![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/15abc879629f6e9c/22a9f3197a347992big.jpg)
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Баярсайхан нарын боловсруулсан Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг олонхийн саналаар дэмжсэнээр чуулганы хуралдаан өндөрлөлөө. Энэ хуулийн төслийн агуулга нь дөрөв тавын жилийн давтамжтай тус тусдаа хийгддэг Хүүхэд хөгжилийн судалгаа болон Хүн ам нөхөн үржихүйн судалгааг нэгтгэх тухай аж. Ийнхүү нэгтгэсэнээр зардал мөнгө хэмнэх боломжтой гэнэ. Монгол Улс Хүүхэд хөгжил судалгааг 1996, 2000, 2005, 2010 онд дөрвөн удаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг 1998, 2003, 2008 онд гурван удаа зохион байгуулсан бөгөөд Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгааг хараахан явуулаагүй байна.
Хүүхэд хөгжил судалгаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа нь хоорондоо хоёр жилийн зайтайгаар ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулан явагддаг төдийгүй судалгааны аргачлалын хувьд бараг адил, нийт 49 бүлэг үзүүлэлт тооцдогоос 28 бүлэг үзүүлэлт нь ижил, хоёулаа бүсийн төвшинд үр дүнгээ тархаадаг зэрэг нөхцөл байдлаас үзэхэд судалгаануудыг нэгтгэж, боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай юм байна.
Б.ЭНХМАА