Хоёр хүртэлх насны хүүхэд бүр карттай болно

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Хоёр хүртэлх насны хүүхэд бүр карттай болно

Хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх бүлэг гэхчилэн олон янзаар нэрлэж буй хүүхэд асран халамжлах үйлчилгээг “Бичил цэцэрлэг” хэмээн нэрлэж болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо.Тэрбээр өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, “Бичил цэцэрлэг”-ийг хэрхэн хуульчилж болох талаар санал солилцсон юм. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлан боловсруулж хууль болоод Ерөнхийлөгчийн хүүхэд харах үйлчилгээг хуульчлах санал санаачлагатай нэгэн уулзварт огтлолцож буй болохоор санаа оноогоо нэгтгэн хуулиа боловсруулж, ирэх намрын чуулганд өргөн барих нь зүйтэй гэж Ерөнхийлөгч хэлсэн. Хоёр хүртэлх насны тав хүртэлх хүүхдийг гэрээр асарч буй хүнд төрөөс хувьсах зардлаар дүйцүүлэн урамшуулал олгохын дээр албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бичил цэцэрлэг байгуулсан тохиолдолд   мөн хувьсах зардлаар тооцон урамшуулал олгож болохыг онцлов. Одоогийн байдлаар нэг хүүхдэд ногдох хувьсах зардал нь сарын 116500 төгрөг байгаа бөгөөд үүнийг хүүхэд асарсан сар, хүүхдийн тоогоор үржүүлэн төрөөс санхүүжүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Нэг асрагч таван хүүхэд асарлаа гэхэд жилд төрөөс долоон сая төгрөгийг олгох ажээ.

Түүнчлэн хоёр хүртэлх насны хүүхдүүдийг карттай болгох ажээ. Уг картын бүртгэлээр хувьсах зардлыг олгох юм. Мөн энэхүү хууль нь боловсролын тухай хуулиас  ангид хууль байх бөгөөд улсын цэцэрлэгт хамрагдаж амжилгүй үлдээд байгаа 80 гаруй мянган хүүхдийн асаргаанд хамаатай хууль болох юм байна.  Тун удахгүй Ерөнхийлөгчийн захирамж гарч ажлын хэсэг байгуулах бөгөөд уг ажлын хэсэгт Нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөл багтах юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж