Япон Улсын Засгийн газар зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед байгаа хөгжиж буй улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор 1999 оноос буцалтгүй тусламжийн “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү хөтөлбөрт БНХАУ, Бангладеш, Лаос, Вьетнам, Узбекистан, Киргизстан зэрэг 12 улс хамрагдаж байна.
Монгол Улс уг хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж, өнөөг хүртэл нийт 12 удаагийн төсөл хэрэгжиж, нийт 209 албан хаагч Японд суралцсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд жил бүр манай улсын 20 орчим төрийн албан хаагч Японы их, дээд сургуулийн магистрантурт хууль, эдийн засаг, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, мэдээлэл холбооны технологийн (ICT) чиглэлээр хүлээн авч суралцдаг.
Энэ удаа 236 сая иенийн үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” хөтөлбөр-төслийн хүрээнд монголын 18 төрийн албан хаагч Японы их, дээд сургуулийн магистрын сургалтад хамрагдана гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.