Д.Ганхуяг: Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг: Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонсгож байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг газрын тосны зах зээлийн нөхцөл байдлын талаар танилцуулсан ба “ОХУ-аас худалдан авах үнэ нь бусад улсын ОХУ-аас худалдан авах үнээс өндөр байна. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч байгаа. Улсын хэмжээнд ердийн хэрэглээний шатахууны 40 хоногийн нөөцтэй байна. Улсад нөөц хадгалах сав, агуулах шаардлагатай байгаа боловч энэ талаар 2013 оны улсын төсөвт тусаагүй байгаа. Газрын тосны шатахууны импортыг нэмэгдүүлэхийн тулд ажиллаж байгаа. Импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд БНХАУ-ын компанитай хэлэлцээр хийж сар бүр 10 мянган тонн шатахуун авах гэрээ хийсэн” гэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд “Газрын тосны бүтээгдэхүүний хувьд гадаад улсаас хамааралтай. Хэрэв дэлхийн зах зээлд энэ үнэ өссөөр байвал Монгол Улс хэдий хүртэл тэсвэрлэх чадалтай юм бэ. Зах зээлийнхээ зарчмаар энэ салбарт үнэ тогтдоггүй, үнийг төрөөс тогтоож байгаа шүү дээ. Монгол 93 бензин орж ирж байгаа юу, хэмжээ болоод зах зээлд эзлэх хувь хэмжээ ямар байна вэ” гэж асуув.

Хариуд нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Шатахууны үнэ түүхий тосны үнээс хамаарна. Ихэнхи орнуудад газрын тосны бүтээгдэхүүний үнэд төрийн зохицуулалт байдаг. Газрын тосны салбарт хангамжийн тогтвортой байдал, үнэ, нөөцийн асуудал бий. Өнөөдрийн байдлаар улсын нөөцийг 60 хоног болгохоор ажиллаж байгаа. Шатахуун түгээх аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар алдагдалтай ажиллаж байгаа зүйл байхгүй. Жижиглэнгийн үнэ дээр хийсэн зохицуулалт гэвэл хөнгөлөлттэй зээл байна. Монгол 93 бензиний хувьд 6800 тонныг авсан. Сарын хэрэглээний 10-20 хувийг эзэлж байгаа” гэсэн байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж