Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 128 теннисчин дунд ОХУ-ын найман бүсгүй багтсан. Гэтэл тэднээс хоёрдугаар тойрогт тэмцээний гуравт эрэмбэтэй Мария Шарапова тэргүүтэй дөрвөн бүсгүй шалгарсан. Харин үлдсэн дөрвөөс тэмцээний 25-т эрэмбэтэй Екатерина Макарова ганцаараа шилдэг 32-т багтаж чадлаа. Тэрбээр удаах тойрогт 2011 оны “Уимбльдон”-ы аварга Чехийн Петро Квитоватай оноолт таарлаа.
Тэмцээний аравт эрэмбэтэй Мария Кириленко, 13-т эрэмбэлэгдсэн Надия
Петрова, 21-т
эрэмбэтэй Анастасия Павлюченко, Нина Братчикова нар нэгдүгээр тойрогт ялагдал хүлээгээд байсан. Тэгвэл тэдний араас гуравт эрэмбэтэй Мария Шарапова, Олга Пушкова, Елена Виснина нар ч ялагдал хүлээж үзэгчийн суудалд суулаа.
Тэмцээнд түрүүлэх магадлалтай теннисчдийн тоонд зүй ёсоор багтаж байсан Мария Шарапова хоёдугаар тойрогт Португалийн Де Бритод хоёр үеийн турш 3:6, 4:6-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Өдгөө 20 настай, Олон улсын теннисний холбооны /WTA/ чансааны 131-т буй Португалийн залуу одын хувьд “Уимбльдон”-нд хоёр дахь удаагаа оролцож буй. Өдгөө Португаль даяар алдартай болж буй Де Брито гуравдугаар тойрогт тэмцээний 27-д эрэмбэтэй Чехийн Сафароваг буулган авсан Италийн Карин Кнапптэй оноолт таарсан. Магадгүй дөрөвдүгээр тойрогт 100-с дээш чансаатай Итали, Португаль бүсгүйчүүдийн аль нэг нь шалгарах нь тодорхой. Мария Шараповаг буулган авсан Португаль, Сафароваг сөхрүүлсэн Итали бүсгүйчүүдийн тоглолт оддын тоглолтоос илүүтэй сонирхол татаж буйг нуух юун.
Харин Олга Пушкова, Елена Виснина нарын хувьд хоёрдугаар тойрогт хүндхэн учраанууд таарсан. Тэмцээний 14-т эрэмбэтэй Австралийн Саманта Стосур Пушковаг 6:2, 6:2-оор, 2011 оны хагас шигшээд шалгарч байсан Германы Сабине Лициски Елена Виснинаг 6:3, 6:1-ийн харьцаагаар буулган авснаар шилдэг 32-т багтсан. Харин Саманта Стосур, Лициски нарын хувьд дөрөвдүгээр тойрогт оноолт таарсан байгаа.
“Уимбльдон”-ын талбайн корт чийгтэй байгаа нь тоглогчдод хүндрэлтэй байх шиг.
Мария Шараповагийн хожигдол тоглолтын үеэр гурван удаа хальтарч унасантай холбоотой гэж үзэж байгаа бол өөр олон ч тамирчин хальтарч унасан. Тэдэнд дунд тэмцээний хоёрт эрэмбэтэй, “Уимбльдон”-нд долоон удаа оролцохдоо хоёр удаа хагас шигшээд шалгарсан Беларусын Виктория Азаренка багтсан. Тоглолт эхлээд удаагүй ч Азаренка хальтарч бэртэл авснаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Өнгөрсөн болон энэ оны “Австралийн нээлттэй тэмцээн”-нд дараалан түрүүлж, дэлхийн тэргүүн теннисчний хэргэмээ Серена Уильямс алдсан Азаренкагийн хувьд тус тэмцээнд түрүүлэх магадлалтай теннисчдийн тоонд зүй ёсоор багтаж байсан.
Топ арван теннисчдээс нэгд эрэмбэтэй АНУ-ын Серена Уильямс, дөрөвт Польшийн Радваньска, зургаад эрэмбэтэй Хятадын Ли На, наймд эрэмбээй Чехийн Петра Квитова нарын шилдгүүд л гуравдугаар тойрогт шалгараад байна. Энэ цагт долоод эрэмбэтэй Германы Анжилья Керберийн тоглолт хараахан эхлээгүй байна. Одоогоор шилдэг 32-т топ арван теннисчдээс дөрвөн тамирчин албан ёсоор багтаад байна гэхээр “Уимбльдон” үнэхээр сонирхолтой үргэлжиж байна. Үнэхээр томчуудад халгаатай үргэлжиж байна.
Рафаэль Надаль, Рожер Федерер бас Жо Уильфред Цонга нар нэг, хоёрдугаар тойргоос хасагдлаа
Эмэгтэйчүүдэд топ теннисчид халгаатай байсан ч эрчүүдийг ч тойрсонгүй. Тэмцээнийн тавд эрэмбэтэй Испаний Рафаэль Надаль нэгдүгээр тойрогт ялагдал хүлээсэн бол түүний араас гуравт эрэмбэтэй Швейцарийн Рожер Федерер, зургаад эрэмбэтэй Францы Жо Уильфред Цонга нарын шилдгүүд мултарлаа.
Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович, хоёрт эрэмбэтэй Их Британий Энди Мюррей нарын хувьд өрсөлдөгч нараа буулган аваад байваас шигшээд таарах магадлалтай. Гэхдээ тэдний өмнө Испаний Вердаско, Аргентиний Хуан Мартин дел Потро, Японы Кей Нишикори нарын шилдгүүд буй. Гэхдээ үнэхээр цоорхойг ашиглан гарч ирэх теннисчид байхыг үгүйсгэхгүй.
“Уимбльдон”-ы үнэн сонирхолтой үргэлжиж байна.