Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН Бага хурлаа улсын их баяр наадмын дараа зарлан хуралдуулах болсноо тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Түүний тайлбарласнаар МАН Бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдийн оролцоо ямар байсан бэ гэдгийг хүн нэг бүрээр ярина. Мөн аль ч шатны сонгууль болоход намынхаа ажилд оролцохгүй хаяад явдаг хэрнээ сонгууль болж өнгөрсний дараа “Намд шинэчлэл хэрэгтэй. Ингээгүй цагт ялагдсаар байх болно” гэж ярьдаг хүмүүсийн хувьд ч хариуцлагын асуудал хөндөгдөх юм байна. Харин намын Их хурлаар удирдлагыг шинэчлэх ёстой гэж үзвэл хариуцлага үүрэхээс ухрахгүй. Намын их хурлыг хийх болж байгаа гол шалтгаан нь намыг шинэчлэх асуудал яригдана. Гишүүдээ шинэчлэхээс намын шинэчлэл эхэлнэ. Намын Их хуралд гишүүнчлэлтэй хүмүүсийн нэр ямар нэг асуудалд нэр холбогдсон бол хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулж нэрээ цэвэрлэх, ер нь удаа дараагийн сонгуульд ялагдсан шалтгаан зөвхөн удирдлагын төвшинд байна уу, эсвэл янз бүрийн асуудалд холбогдсон хүмүүсээс болж хойш татаж байна уу гэдгийг ч Их хурлаар ярилцах ёстой. Тэр дундаа Сүүдрийн Засгийн газар, ардын парламентыг байгуулж ажилласан энэ хугацаанд холбогдох хүмүүс нь ямар үүрэг рольтой оролцов. Сонгууль болохоор ажлаас зугатаад хаяад явдаг хэрнээ сонгуулийн дараа шинэчлэл ярьж дүр эсгэгчид олширч байгааг ярилцах ёстой. Үүнтэй холбоотойгоор намын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэх, ямар нөхцөлд Удирдах зөвлөл, Бага хурал, Их хурлын гишүүн байх вэ гэдэг шалгуурыг тогтоох, намын үзэл баримтлалыг шинэчлэх зэрэг олон асуудал энэ удаагийн Их хурлаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх ёстой” гэлээ.
Мөн түүний тодотгосноор МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чадлаараа өрсөлдөж, Монголын ард түмэн сонгогчоос 520 мянган санал авсан нь чамлахааргүй үр дүн. Энэ сонгууль бол их мөнгөний, хүч тэнцвэргүй, эрх мэдлийн сонгууль болж өнгөрсөн. Засгийн газраасаа эхлээд яамдууд, хууль шүүхийн байгууллага энэ бүхэн нэг л улстөрийн намын талд ажилласан. Ийм хүнд нөхцөлд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшиж олон түмнийхээ дэмжлэгийг хүлээсэн явдал бол МАН-д итгэх ард түмний итгэл өнгөрсөн УИХ-ын сонгуультай харьцуулахад өссөнийг илтгэж байгаа. Тиймээс МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Б.Бат-Эрдэнийн төлөө саналаа өгсөн сонгогч түмэн, мөн энэхүү хүч тэнцвэргүй сонгуульд нэр дэвшигчээ ялуулахын төлөө сэтгэл зүтгэл гарган ажилласан намын ахмад гишүүд, дэмжигчид, эмэгтэйчүүд, залуучууддаа талархал илэрхийлж байна. Дараагийн сонгуульд МАН ялалт байгуулж Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэхийн төлөө чармайх болно” гэлээ.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг дээрх мэдэгдлийг хийсний дараа МАН-ын Шинэчлэлийн хорооноос хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд МАН амжилтгүй дүн үзүүлсний дараа удирдлагууд огцорч ажлаа хүлээлгэж өгсөн. Гэтэл одоогийн удирдлагууд гурван ч шатны сонгуульд ялагдал хүлээсэн атал наадмын дараа Бага хурлыг зарлаж, дараа нь Их хурлыг товлоно” гэж мэдэгдэж байгаа нь цаг хожих гэсэн оролдлого. Намын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. МАН бол 100 мянга гаруй гишүүнтэй нам, гэтэл энэ намд байгаа 100 гаруй гишүүн нь зөвхөн өөрийнхөө амьдралыг дээшлүүлэхийн төлөө явж ирлээ. Намаа шинэчлэх, улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэсэнгүй. Тийм учраас бид яаралтай Бага хурлыг зарлан хуралдуулж улмаар Их хурлыг хийж удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Бага хурлыг долдугаар сарын 8-нд хийх ёстой. Хэрвээ энэ шаардлагыг намын удирдлага хүлээж авахгүй бол дараагийн акцийг хийнэ” гэж мэдэгдлээ. Гэхдээ намынхаа нэр хүндээр хөлжсөн хөрөнгөжсөн 100 гаруй гишүүн хэн бэ гэдэгт тодорхой нэр заасангүй. Энэ тухай хэлэх боломжгүй” хэмээн тэрээр онцолсон юм.
Мөн тус хорооны залуус намын Бага хурал болоод Их хурлыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагыг удирдлагын төвшинд тавьсан нь намаа шинэчилж, мөхөхөөс нь өмнө аврах гэсэн зорилго агуулж байгаа. Шинэчлэлийн хорооны энэхүү санаачлагыг Нийгмийн Ардчилал залуучуудын холбооноос гадна УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд дэмжиж ажиллаж буй аж.
Ийнхүү өнгөрсөн онд болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиас хойш намын удирдлагыг огцруулах асуудлыг удаа дараа тавьж ирсэн Шинэчлэлийн хорооны залуучуудын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг удирдлагатайгаа холбон тайлбарлаж байна. Харин МАН-ын удирдлагуудын хувьд “Нам дотор байгаа авилга хээл хахуультай нэр нь холбогдсон гишүүдээс болж сонгуульд хүндхэн нөхцөлд орж байгаа ч өнгөрсөн жилийн сонгуультай харьцуулахад үр дүн нь тийм ч муугүй гарч байгаа нь олон түмний МАН-д итгэх итгэл өсч буйг харуулсан үйл явдал. Намд шинэчлэл хийнэ гэдэг нь удирдлагыг өөрчилснөөр бий болдог зүйл биш, үзэл баримтлалаа шинэчлэхээс эхлээд авлига хээл хахуульд нэр холбогдсон хүмүүс хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн мөнөө тогтоолгохоос эхлээд гишүүн бүр хариуцлагатай болохоос шинэчлэл эхэлнэ гэж үзэж байна.
Тиймээс Бага хурлыг наадмын дараа зарлаж, түүнээс урьтаж намын Удирдах зөвлөлийг хуралдуулах чиг барилаа. Харин МАН-ын Шинэчлэлийн хорооныхон “Улсын их баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 8-нд Бага хурлыг зарлах ёстой. Ингэж хурлаа хийхгүй бол удирдлагууд цаг хожиж суудалдаа үлдэхийг санаархаж байна” гэж хардаж эхлэв. Намын удирдах төвшин болоод залуусын дунд өрнөж байгаа Бага хурлыг товлох цаг хугацаа ийн зөрүүтэй байгаа нь нэг талдаа Бага хурал хэзээ зарлагдах бол гэдэг асуулт дунд үлдээлээ.