Хямд тракторын хуудуу илэрч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Хямд тракторын хуудуу илэрч эхэллээ

Монгол Улсын Засгийн газар тариаланчдаа дэмжих зорилгоор бага оврын трактор авахад зориулж, БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй 28 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авчээ. Ингээд өнгөрсөн намраас газар тариаланд ашиглах зориулалт бүхий бага оврын 8400 трактор оруулж ирж, тариаланчдад олгож эхэлсэн юм. Газар тариалангийн бүс нутгаас тариаланчид тэрхүү тракторын төлөө нийслэлийг зорих болж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үүдийг хонон өнжин сахиж, дугаарлаж байсан цаг саяхан. Өнгөрсөн намар тэгтлээ ачаалал үүсгэж, олон зуун тариаланчдын “мөрөөдөл” болоод байсан тэдгээр трактор өдгөө агуулахад “жагсч” байна. Өнгөрсөн намар Хятадаас анх оруулж ирсэн 8400 трактороос одоогоор 3500-г худалдаад байгаа гэнэ. Үлдсэн 5000-аадыг харин агуулахын бараа болгохгүйн тулд ганц нэгээр нь худалдаж байгаа гэх. Эзнээ хүлээж байгаа тэдгээр 4900 трактор өдгөө тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Эрин интернэшнл” компанийн талбайд бий. Ингэхдээ трактор байрлуулсны хөлсөнд сар бүр 30 сая төгрөг төлдөг гэдгийг трактор олголтын ажлыг хариуцаж байгаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан хэлж байна. Зарим нэг эх сурвалжийн сарын түрээсэнд 41 сая төгрөг төлдөг гэх мэдээлэл ч бас бий. Албаныхны зүгээс овор ихтэй тракторыг өмнөд хөршөөс оруулж ирмэгц шууд тээвэр зуучийн компани /Эрин интернэшнл/-ийн талбайд буулган хадгалж байгаа, нэгэнт асар их зай талбай ашиглан трактороо хадгалуулж буй тул түрээсийн төлбөр төлөхөөс аргагүй гэдгийг учирлав. Хотоос зайдуу газарт, төлбөр мөнгөгүй хадгалъя гэхээр эргээд хот руу тээвэрлэхэд нэг тракторт л 200 мянган төгрөгийн зардалтай. Тиймээс одоогоор хамгийн оновчтой арга нь тээвэрлэж ирсэн газартаа хадгалуулах. Түүнийхээ хөлсөнд сар бүр 30-40 саяыг төлөх.

Тариаланчид гомдолтой байна

Хөнгөлөлттэй зээлээр олгож буй бага оврын тракторууд нь анжистай болон хадуур, тармууртай гэсэн хоёр төрөл бий. Трактор тус бүрийн үнэ таван сая төгрөг. Тариаланчид эхний ээлжинд хоёр сая төгрөг төлөөд барьцаа төлбөргүй трактороо авч болно. Үлдсэн гурван сая төгрөгийг гурван жилийн хугацаанд төлж барагдуулах гэрээтэй юм.

Ногоон өнгөтэй, тариаланчдын “пад пад” гэж нэрлэдэг уг трактор нэлээд гомдол, шүүмжлэл дагуулж буйг тариаланчид хэлж байна. Хятад барааны онцлог ч бас энэ тракторт илэрчээ.

Анжистай трактор худалдаж аваад, хадуур, тармуурыг тусад нь нэмж худалдаж авсан тариаланч эр ямартай ч 3-4 жил айлтгүй боллоо гэж бодож авсан гэнэ. Худалдаж авснаасаа хойш төдийлөн их ашиглаагүй ч арын хоёр дугуй хөтлөгч нь тааруу учраас заавал хүчилж байж ажиллуулах болсон гээд сөрөг талууд гарч эхэлжээ. Юу юугүй эвдэрчихээгүй байгаа ч сэлбэг, хэрэгсэл шаардлагатай болсон гэдгийг тэр хэлж байсан юм. Анхнаасаа зах зээлийн үнээс доогуур, хямд үнээр худалдаж авсан ч ганц жилийн эдэлгээ даахтай үгүйтэй байгааг тариаланчид уламжилж өгөхийг хүссэн.

Ашиглаж үзээд удаагүй байгаа тариаланчдаас энэ мэт гомдол ирж байхад олноороо хураалттай байгаа тэдгээр тракторыг хэрхэх вэ? Хоёр улсын Засгийн хооронд байгуулсан гэрээ учраас цуцлах боломжгүй. Хятадаас анх трактор авах үед 8400 ихэднэ гээд, эхний ээлжинд 5000 орчмыг авах тухай яриа гарч байсан ч удаа дараа зөөж, ахин дахин трактор авах нь чирэгдэлтэй гэж үзсэн тул нэгмөсөн бөөнөөр нь авахаар шийдэж. Гэтэл одоо эхнээсээ жагсаалтаас гараад эхэлчихсэн тракторууд агуулахдаа байсаар “өмхийрөх нь”. Энэ мэт шүүмжлэл дагуулж эхэлсэн хөнгөлөлттэй зээлийн хөг хаа хүрээд төгсөх бол…

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж