Монти Уильямс гэгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Монти Уильямс гэгч хэн бэ?

Сүүлийн гурван жилд анх удаагаа плей-оффт шалгарч чадаагүй “Нью Орлеан Хорнетс” үндсэн дасгалжуулагчаа улирлын дундуур халж, улмаар багийн менежер нь дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Гэхдээ зөвхөн улирал дуустал.

Харин тэд тэр цагаас эхлэн шинэ дасгалжуулагчаа хайж эхэлсэн бөгөөд “Портлэнд Трейл Блейзэрс” багийн туслах дасгалжуулагч Монти Уильямсыг сонгосон тухай хэвлэлийн бага хурал Монголын цагаар лхагва гаригийн өглөө хийхээр болжээ.

Өдгөө 38 настай Уильямс нэлээд олон баг дамжин, NBA-д есөн улирлыг өнгөрүүлсэн бөгөөд 2005 оноос эхлэн дасгалжуулагчийн албан тушаалд томиглогдсон юм. Тэрбээр Нейт МакМилланы арын албаны гишүүн болсноор тус баг тогтмол амжилт үзүүлэх болсон билээ. Энэ жил олон шилдэг тоглогчдоо бэртэлд алдсан ч 50 хожил авч чадсан нь дасгалжуулагчийн баг сайн байсантай салшгүй холбоотой.

“Хорнетс” нийт найман хүнээс сонголт хийсэн нь Уильямс болж байна. Түүнтэй хамгийн ойр өрсөлдөж байсан нь “Чикаго Буллс” багийн дасгалжуулагчаар сонгогдсон “Бостон Селтикс”-ийн туслах дасгалжуулагч Том Тибодеау байсан юм.
“Нью Орлеан Хорнетс”-ийн холбон тоглогч Крис Пол ч энэ шийдвэрт таатайгаар хандаж байгаа бололтой. Тэрбээр “Уильямс бол лигийн хамгийн шилдэг, залуу дасгалжуулагчдын нэг. Би түүний ерөнхий дасгалжуулагчийн аяллын эхлэлтэй нь хамт байх болсондоо баяртай байна. Манай багт сайн үр дүн авчирна гэж бодож байна” гэжээ.

Сануулахад, “Хорнетс” өнгөрсөн улиралд 37 хожил авч, 45 хожигдол хүлээснээр плей-оффын шатанд өрсөлдөх боломжгүй болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж