Говийн &#34Сувдан сондор&#34: Суварган цохио

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Говийн &#34Сувдан сондор&#34: Суварган цохио

Монгол орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх соёлын өв дурсгалыг
судлах, хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх, судалгаа
шинжилгээний сан хөмрөгийг арвижуулах, цаашид байгаль, түүх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилготой “Сувдан Сондор” найм дахь
удаагийн соёл эрдэм шинжилгээний аялалын баг Дорноговь аймгийн нутгаар өнгөрөгч тавдугаар  сарын 17-оос 28-ны өдрүүдэд  ажилласан юм.

“Сувдан
Сондор-8”-ыг Монголын Соёл Яруу Найргийн Академи, Лувсанданзанравжаа
Академи санаачлан зохион байгуулж, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын
газар хамтран зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж,
Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам, “Нью Жуулчин Турс” ХХК дэмжин
оролцсон бөгөөд шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид, орон
нутгийн төр захиргааны байгууллагын ажилчид болон хэвлэл мэдээллийн 30
гаруй хүн оролцжээ.

Манай сайт “Дорнын говийн сувдан сондор” цувралыг толилуулж байна. Өмнөх дугаарт Гуа тээг, Солирын тогоог, Цувираагийн хийд,  Их нарт болон Элсэн чулууг хүргэж байсан бол энэ удаа Суварган цохиог толилуулж байна.

Говь бол нарны орон юм. Наран газраасаа үл тасарна. Говь гэхээр голио царцаа үсчсэн эзгүй элсэн цөл гэж төсөөлөх нь бий. Гэтэл дорнын говьд нүдэн булаг, хайлаасан шугуй, элсэн чулуу, яшил зандан, гишүү өвс, сухай, тооройн мод болон алтан харгана, төвд харгана гээд олон төрлийн мод ургамалтай. Голио царцаа гүрвэл, могой, дигваранз, бас хулан, хавтгай, аргаль, янгир тэргүүт говийн амьтан ургамал нарнаасаа эрчээ авдаг болохоор ертөнцийн тэсвэр тэвчээрийн, амьдрах чадварын гайхамшиг юм. Говьд бүх зүйл нарийн зохицолдоо, амьдралын төлөөх тэмцэл дунд оршино. Дорнын говьд наран жаргахдаа тэнгэрийн хаяа руу биш, газрын хэвлий руу шингэх юм. 

Сулинхээрийн отрядад хоносон Сувдан Сондор аялалын багийнхан дараагийн очих газраа дөтлөвөй. Зэрэглээн дунд хэсэг адуу, адууны захад хэдэн хулан. Говийн гайхамшиг… хэмээн бид дуу алдацгаав. Гэтэл хулангийн сүргийн цаад захаас нэг хүн биднийг амдан мотоциклтэй давиад ирлээ. Наранд борлосон хүдэр чийрэг тэр хүн “Говийн зэрэглээ” киноны ангийн байцаагчийг санагдуулна. Шууд л биднээс “юун хүмүүс, хаашаа явж буйг” минь асууж байна. Хатанбулаг сумын иргэдийн хурлын төлөөлөгч, Баян тээг бригадын дарга А.Баярсайхан гэнэ. Биднийг жаахан хардсан маягтай байснаа эрдэм судлалын хүмүүс болохыг мэдээд олзуурхан баярлав. Малчид ийм л сонор соргог ажээ.

Тэрбээр биднийг замчлан хүглийн цэнхэртэх хадат уулыг чиглэв. Суварган цохио хэмээх уулын бэлд хүрэв. Дээш авирсаар уулын хавцалд хүрвэл хэдэн хайлаас салхинд найган угтав. Эрт галавын хүмүүс уул хадны нөмөр, агуй зэрэг нөөлөгтэй газрыг олж тэндээ хэдэн мянганы турш аж төрөн суудаг байжээ. Эл Суварган цохио бол үе үеийн эртний хүмүүсийн оромж байжээ. Эргэн тойроны хад чулуу тэр чигээрээ уран зургийн “галерей”.

Эртний шүтээн буга, аргаль, янгир хүлэг морьдын дүрслэлээс авахуулаад цагирган буюу спирал дүрслэлүүд. Сансрын хүлэг шиг, харь гаригийн хүн шиг, цагийн хүрдэн шиг дүрс нь бие биенээсээ салаалан дэлбээлж хээ хуар шиг үргэлжилнэ. Хад бүхэн зураг, зураг бүхэн утга…

“Байгалийн галерей” хэмээн манай аялалынхан дуу алдацгаав. Зураач Н.Санчир гуай хүүхэд шиг баярлан “хүүе энд хоёр гурав хоног саатая” хэмээн уриалж байв. Говийн нар түүний шаргал царайг хүрэн улаан болгоод цагаан сахал нь улам тодроод зарим нь түүнийг “өвлийн өвгөн” хэмээн шогчилно. Юм үзэж нүд тайлсан тэрбээр Оросын Эрмитаж, Францын Луверт орсон мэт зураг болгоны дэргэд саатаж гайхан шогширч байсан юм. Бид ч дуран авайгаа гарган гайхамшигуудыг бичиглэн авлаа. 

Одоогоор судалгааны эргэлтэд ороогүй байгаа Суварган цохио-Монголын нэгэн гайхамшиг болох цаг хугацааг хүлээх л үлдлээ. Говийн наран чулуудыг өдөржин шөнөжин төөнөсөөр, хээрийн салхи хадан дээрх зургуудыг элээж буй ч, өглөө үдшийн наран дор эртний урлагийн дүрсэлгээ өөр өөр өнгөөр солигдож, нэг бүдгэрч, нэг тодорч байв.

Мянга мянган жилийн наранд түлэгдэн харлаж, түмэн оны салхинд онгожээ. Гэвч тэвчээртэйгээр судлагдах цагаа хүлээн, бас буруу гартнуудын дайралтад өртчих вий хэмээн нуугдан оршино. Суварган цохиог тойроод тэр аяараа могойн үүр. Эл газар бол эрт баларын тахилга шүтлэгтэй догшин онготой лусын хамгаалалттай орон ажээ. Лусын эзэд нь нутгаа манана. Хэнээс харамлахаа, хэнийг хатгахаа, бас хэнд найр тавихаа тэд мэддэг бололтой.

О.МӨНХНАРАН








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж