ЕАБХАБ-ын ажиглагч нарын хорооноос Монгол Улсын сонгууль өрсөлдөөнтэй, сайн зохион байгуулагдсан ч хууль, эрх зүйн орчны хязгаарлагдмал, нэг мөр бус байдлыг сайжруулах боломж байна хэмээн сонгуулийг ажиглагчид тэмдэглэсэн байна. Энэ удаагийн сонгууль нь үндсэн эрх, эрх чөлөөг дээдэлсэн байдалтайгаар явагдлаа хэмээн дүгнэсэн боловч сонгуулийн хууль, журмаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг хатуу зохицуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдод хангалттай мэдээлэл олгохыг хязгаарласан гэлээ.
Мөн сонгуулийн хуулийг шинэчлэн баталсан ч тодорхой бус зүйл заалт, орхигдуулсан зохицуулалт ихтэй байгаа нь хуулийг нэг мөр тайлбарлах, хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарсан нь ажиглагджээ. ЕАБХАБ-ын Ардчилсан Институт, Хүний Эрхийн газраас Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах багийн удирдагч, элчин сайд хатагтай Одрий Глобер “Сонгуулийн өдрүүдэд сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан ба ажиглалт явуулсан 99 хувийн тохиолдолд сонгуулийн үйл явц эерэг байна. Гэвч сонгочийн саналын нууцлалыг хангах явдал дутмаг байна. Бүх түвшний сонгуулийн хороод сонгуулийг зохион байгуулах техникийн ажлаа үр дүнтэй хийсэн ч бүрэн нээлттэй байдлыг хангах, СЕХ сонгуулийн хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд шаардагдах алхамуудыг авч чадаагүй” гэлээ.
Мөн сонгогч гомдол гаргасан тохиолдолд хаана хандаж, хэрхэн шийдвэрлүүлэх нь тодорхойгүй, СЕХ дүн мэдээгээ танилцуулахдаа ажиглагч нар мэдэгдээгүй, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээллэх нь хангалтгүй гэж дүгнэжээ.
ЕАБХАБ-ын Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газрын Сонгуулийн Ажиглах Хорооноос сонгуулийн үйл ажиллагааг өмнөх, сонгуулийн үйл ажиллагааны үе, дараах үе гэсэн гурван үе шаттайгаар зөвлөмж гаргах юм байна. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэхийг тухайн орны Засгийн газар, улстөрийн намууд шийдвэрлэдэг юм байна.