Г.Батхүү хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Г.Батхүү хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын гишүүд боловсруулсан хуулийн төслүүдээ УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Эхнийх нь Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хуулиар зохицуулах гол асуудал нь аудитын байгууллагыг босоо бүтэцтэй болгож, мэргэшсэн хүчирхэг институцыг төлөвшүүлэхэд чиглэж буй. Улмаар УИХ-аас Ерөнхий аудиторыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг бүтэцтэй болох юм.

Өнөөдөр орон нутагт аудитын байгууллага мэргэшиж ажиллахад хүчин чадал бага, хүн цөөтэй байдаг. Мөн орон нутгийнхаа удирдлагуудаар төсвөө батлуулж, хийх ажлын чиглэл авч хараат ажиллаж байгаа нь өнөөдрийн шаардлагад нийцэхгүй байгаа юм. Гэтэл сүүлийн жилүүдэд Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан гэхчилэн орон нутгийн удирдлагууд өөрсдөө мэдэж шийдвэрлэх хөрөнгө оруулалт өссөн. Энэ нь орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдсэн гэсэн үг. Харин аудитын байгууллагын үйл ажиллагаа сайжрахгүй бол тэрхүү төсвийн зарцуулалт, үйл явцад хяналт тавьж чадахгүй. Тиймээс Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага тулгарсныг төсөл санаачлагч хэлж байлаа. Мөн хуульд өөрчлөлт оруулснаар аудиторууд зөвхөн төсөв, хөрөнгөд хяналт тавих биш УИХ-аас баталсан хууль тогтоол, байнгын хороод, бусад УИХ-ын бүтцийн байгууллагын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг болох юм. Гол нь аудитын байгууллага босоо бүтэцтэй болсноор Ерөнхий аудитороос хийх ажлынхаа чиглэлийг авч, ажлаа төв байгууллагадаа тайлагнадаг болно.

Түүнчлэн орон нутгийн аудиторууд нэг дор удаан ажиллахаар ашиг сонирхлын зөрчил бий болдог талтай. Тиймээс үүнээс сэргийлж аудиторын байгууллагуудад төв байгууллагаас тодорхой хугацаатай сэлгэн ажиллуулах нөхцөл бүрдүүлэх гэнэ.

Үндэсний их баяр наадмын хуулийг өргөн барив

Үндэсний баяр наадмын тухай хуульд мөн Г.Батхүү, М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барилаа. Энэ хуулийн гол агуулга нь баяр наадмаа нэлээд онцлогтой, үндэснийхээ хэлбэр, өнгө донжийг агуулсан наадам болгох зорилготой.

Үндэсний бөхийн барилдааны болон хурдан морины уралдааны маргаантай зарим асуудлыг шийдэх, тухайлбал, унаач хүүхдийн эрхийг хамгаалах талаар төсөлд цогцоор тусгажээ. Хуулиар хурдан морь унаж байгаа хүүхэд заавал даатгалтай байх, даага, шүдлэн, хязаалан насны хурдан морийг долоогоос дээш, соёолон, их насны морьдыг есөөс дээш насны хүүхэд унах, хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэглэлтэй байх, морин уралдаан зохион байгуулах цаг улирлыг нарийвчлан зааж мөрдүүлэх, тухайн орон нутгийн удирдлагуудын зөвшөөрөл эрүүл мэндийн болон цагдаа, хүчний байгууллагын оролцоотойгоор уралдаан явуулдаг байхаар хуульчилжээ. 

Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны тавдугаар сарын 1-н хүртэл ямар ч уралдаан зохиохгүй байхыг хуульд тусгасан байна. Энэ нь угаасаа Монголд өвөл морь уралддаг түүх байгаагүйг судалсны үр дүнд хийж буй өөрчлөлт юм. Нөгөө талаас хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ийм шийдэлд хүрээд буй.

Цаашлаад хурдан морины уралдаантай холбоотой цол, зэргийн өөрчлөлтийг ч хуульд тусгажээ. Сум, аймгийн төвшинд зөвхөн Алдарт уяач гэсэн цол байдаг. Гэтэл 10, 20 жил морь уяад улсын наадамд цол авч чаддаггүй хүмүүс байдаг. Тиймээс Сумын алдарт уяач, Сумын манлай уяач, Аймгийн алдарт уяач, Аймгийн манлай уяач гэсэн цолыг бий болгох аж. Нөгөө талаар жилдээ бүсийн найман уралдаан болдог. Засгийн газрын тогтоолоор өвөл дөрөв, дулааны улиралд дөрөв нь зохиогддог. Харин одоо энэ хуулиар өвлийн уралдааныг зохион байгуулахгүй.

Монгол үндэстний их баяр наадмыг гурван жилд нэг удаа Үндэсний их баяр наадамтай хамт зохион байгуулах, улсын арслан цолтон түрүүлсэн бол аварга, аварга цолтон түрүүлбэл даян аварга, даян аварга түрүүлсэн бол дархан аварга цол олгохоор мөн хуулийн төсөлд заажээ.

Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барив

Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их хурлын тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудын дагуу УИХ-ын гишүүн Г.Батхүү, А.Бакей, Н.Батцэрэг, Б.Гарамгайбаатар, Ц.Цолмон нарын гишүүд хамтарч Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барив.

Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлд өрсөлдөх боломж нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ачаа тээврийн эргэлт өсч байгаа. Тиймээс зах зээлд өрсөлдөх чадвартай, Ази Европыг холбосон ачааны урсгалыг Монгол Улсын газарзүйн байрлалын давуу талаа ашиглан бий болгох боломж бий.

Үүний зэрэгцээ транзит тээврээс Монголд орох орлогыг нэмэгдүүлэх тухайлбал, төмөр зам, автозам, хийн хоолой, нефтийн хоолой, агаарын тээврээр ачааны болон зорчигч тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Түр хороо ажиллах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ бол 2015 онд дуусч байгаа “Транзит Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн бүх төрлийн тээврийн нэгдсэн бодлогыг Монгол Улсад бий болгож, үүгээрээ үр ашигтай өндөр хүчин чадалтай, ачааны болон зорчигч тээврийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж