Наадмаар шинэ шөл уухыг хүсдэггүй монгол хүн цөөн. Тиймээс ч улсын баяр наадам дөхөөд ирэхээр монголчуудын гол хэрэгцээ болсон махны үнэ эрэлтээ дагаад нэмэгддэг талтай. Гэвч энэ жилийн хувьд үнэ нэмээгүй тогтвортой байна гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Харин зах дээр хонины махны үнэ өсөх биш бүр буурчээ. Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 23-нд нийслэл хотын захад орших мал, түүхий эдийн гол нийлүүлэлтийн зах Эмээлтэд хонины мах кг нь 6500 төгрөгийн үнэтэй байлаа. Гулуузаар нь буюу бөөнөөр нь авах үнэ энэ юм. 30 кг татах нэг гулууз авахад 195 мянган төгрөг төгрөг болж байв. Харин амьд хонь авбал өөр ханштай. Төлгийг 140 мянган төгрөг, эр хонийг 220-230 мянган төгрөгөөр худалдаж байлаа. Харин лангуун дээр хонины мах кг нь 7200-7500 төгрөгт хэлбэлзэж байна.
Д.ЦЭЦ