
1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 92,5 хувьтай гарч байсан бол дөрвөн жилийн дараа 97 гаруй хувьтай оролцож байсан гэх баримт бий. Тэр үед чөлөөтэйгөөр оролцох эрх нь иргэдэд ирээд удаагүй байсан үе. Тэгэхдээ байдал одоогийнх шиг байсангүй. Эдийн засгийн өсөлт сул, дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт дэлхийн дунджаас доогуур, улсын төсвийг бүрдүүлж байгаа мөнгөн дүн туйлын бага. Ийм л байсан. Гэхдээ бид сонгох эрхээ хангалттай эдэлдэг байж. Харин шинэ зуун эхлээд 13 жилийн дараах сонгууль 67 хүрэхгүй хувийн ирцтэй байна гэж цаасан дээр тэмдэглэгджээ.
Ажиглагчид үүнийг сонгогчдын итгэлтэй холбон тайлбарлаж байгаа. Учир нь, дөрвөн жилийн үечлэлтэй болдог сонгуулиар гарсан ч байдал өөрчлөгдөхгүй, тэд баяжих гэж гарч байгаа гэсэн үзэл менталитетэд нь суусан болохоор идэвх суларч байгаа гэх. Нөгөөтэйгүүр, улстөрчдийн хийж байгаа ажил нүдэнд харагдахгүй, өгсөн амлалтууд нь хий хоосон болохоор санал өгөх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхгүй ч байж мэднэ. Мэдээж нэгэнт идэх хүсэл төрөөгүй бол тухайн хүн ямар ч хоолыг амтархан идэх нь юу л бол. Үүнээс харвал сонгогчдод бус улстөрчдөд байж болох. Харин улстөрчдийн байр суурьнаас харвал иргэдийн улс төрийн идэвх буурч байна гэж үзэж болох талтай. Улсаас гаргасан 30 гаруй тэрбум төгрөгийг юман чинээ тоосонгүй ч гэж шүүмжилж болох.
“Ямар ч улсад нэг л зүйл байдаг. Энэ бол сонгогчдын ирц. Тухайн орны улстөрчдийн ажлыг сонгуульд хэр зэрэг оролцож байгаагаас харж болно. Хэрвээ ирц бага байвал улс төрийн намууд нь төлөвшиж, мөрийн хөтөлбөрөө чамбайруулах хэрэгтэй. Ирц сайн хэрнээ амьдрал дээр бодит ажил болохгүй байвал сонгогчдод боловсрол хэрэгтэйг анхаарч болно” гэж АНУ-ын үндэсний ардчиллын зөвлөлийн менежер Макон Филипс ярьжээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос залуусын идэвхийг сайжруулахын тулд гар утасны ярианы нэгжний урамшуулал зарласан. Бүр тодруулбал, 1000 нэгжийн урамшуулал. Орсон, эс орсноос үл хамааран ямар ч байсан энэ сонгуулиар нэгэн гажиг жишгийг тогтоогоод амжсан. Гэтэл өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцэнд ч хүрсэнгүй. Нэг ёсондоо нэгжээр молигодох гэсэн дарга нарын хүсэл талаар болсон нь энэ. Сүүлийн үед хүчээ авсаар байгаа цахим хэрэгслээр ч багахан тоглоом явсаныг эрхэм уншигч та санаж байгаа байх. “Шөнийн цэнгээний газрууд таксгүй ажиллана”, “Өргөө кино театр 1000 төгрөгөөр кино үзүүлнэ” гэх мэтчилэн. Магадгүй саналаа 1000-аар үнэлүүлэх хүсэл залууст төрөөгүй ч юм билүү. Энэ сонгуульд ирц өмнөхөөсөө буурсаныг дурьдахгүйгээр нэг зүйлийг сануулаад авав. Энэ бол ердөө л асуудал нэгж юм уу, урамшуулалд биш. Төлөөлөл болгох гэж байгаа хүмүүст нь байгаа гэдгийг чангахан шиг санууллаа.
Энэ бол бас л эргэлзээтэй. Хэдийгээр хүмүүс энэ удаагийн сонгуульд залуусын оролцоо их байсан гэж үзэж байгаа ч бодит байдал хэрхсэн нь эргэлзээтэй. Магадгүй өмнөх сонгуулиудаас сошиал медиа илүүтэйгээр оролцсон болохоор залуус саналаа өгсөн гэж таамаглаж байж болох. Хэсгийн хорооны ажиглагч нар өмнөх сонгууль шиг залуусын идэвх сул байсан гэж баталж байгаа. Тэгэхээр нийгмийн сүлжээний сайтууд хэр зэрэг нөлөөлсөн бэ? Одоогоор тогтсон судалгаа бага болохоор нөлөөлсөн эсэхийг хэн ч тааж мэдэхгүй.
Энэ жил манайхаас гадна өөр олон улс сонгууль зохион байгуулсан. Африкийн улсуудын сонгуулийн дундаж 70-аас их, Зүүн Европ буюу тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын дундаж 69-өөс их, Өмнөд Америкийн сонгуулийн дундаж 70-аас доошгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудын дундаж 75-аас их байдаг. Өмнө нь дурьдсан орнууд бүгд л Монгол улстай адил, эсвэл бүр доор байгаа. Сонгох эрхээ зөрчүүлдэг, санал наймаалцдаг, олигархиуд төрийн толгойд гарсан гэж шүүмжлүүлдэг ч тэдний оролцоо манайхаас их байна. Тиймээс тэд дараа нь хариуцлага нэхдэг, жагсаж, цугладаг, асуудлыг зоригтойгоор гаргаж тавьдаг болжээ. Гудамжны гэж нэрлэгдэх цуглаан, жагсаал ч үнэ цэнээ алдахгүй өнөөг хүрч. Учир нь төрийн томчууд нь айдаг учраас тэр.
Саналаа огт өгөөгүй 40 гаруй хувь 2016, 2017 оныг хүлээх хэрэгтэй болсон. Гэхдээ тэдэнд эрх нь байгаа учраас дараагийн сонгуульд оролцох, эс оролцох нь тэдний л хэрэг. Хүн амынх нь бараг тал хувь нь нийслэл хотдоо амьдардаг гэх ч ямар ч сонгуульд оролцож байгаа хувь хэмжээ, ирцийн дундаж нь аймагтайгаа зуузай харшуулан давхиж байх нь жирийн үзэгдэл болсоор уджээ. Гэтэл бидний амьдралын үнэ цэнэ, асуудал нааштайгаар шийдэгдсэн бил үү?