Хүмүүс бие биедээ хэлж өгч, улс төржихөөс илүү орон сууцжих болов
Сүүлийн үед хамгийн их уншиж, үзэж, сонсож байгаа топ сэдвийн нэг нь орон сууцны зээлийн тухай мэдээ болж байна. Ерэн хувь нь энэ тухай сонирхож сонссон, илүү нарийн дэлгэрэнгүй мэдэж авахыг хүсч байгаа ажээ. Телевиз, интернэт, банкнаас зээлийн талаарх мэдээ сэлт авсан, гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг хүнээс сонсож дуулсан, зээлийн тухай ярилцсан гэж хэлжээ. Зээл олгож эхэлсэн анхны долоо хоногт банкуудад утас, интернэтээр болон биечлэн 400 мянга орчим удаагийн хандалт бүртгэгдсэн нь сонирхол, асуулт их байгааг харуулах үзүүлэлт юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд оролцож байсан залуучууд зээл хөөцөлдөөд явчихсан тохиолдол ч бүртгэгдлээ.
Өмнө нь илүү хүүтэй зээл авсан байсан хүмүүс 8 хувьтайд шилжиж, сар тутмын ачааллаа хөнгөлөн, төлбөрөө хэмнэх болсон, шинээр хамрагдаж эхэлсэн, олон мянган айл материал бүрдүүлж байгаа нь итгэл үнэмшил төрөх, тархах үндэс суурь үүсгэжээ. Хүмүүст орон байртай болох, сайжруулах сэдэв илүү ойр, тэр хэрээр бие биедээ хэлж өгч, айл өрх, ах дүү, захирал ажилтны дунд ч шинэ зээлийн тухай асуулт яриа өрнөсөөр байгаа нь итгэл төрүүлэх өдөр тутмын хэмнэл болсон байна. 6 хувийн хүүтэй, 100 мянган айлын орон сууц хэмээх улс төрийн өмнөх хоосон амлалтаас болж хүн амьтан хохирсон, үнэхээр хэрэгжиж эхлэх эсэхийг нь харж байж болъё гэсэн эргэлзээ эхний үед их байсан ч бодит үр дүнг нь хүртсэн, байр сууцандаа орсон айл өрх нэмэгдэхийн хэрээр эргэлзээ тайлагдаж байна. Сая долларын рекламаас дэргэдийн найзынх нь ганц өгүүлбэр илүү үр дүнтэй, хүн хүндээ хэлэх үнэн үг хүчтэй гэдэг нь нотлогдов.
Халуун, хүйтэн усгүй, шугам сүлжээнд холбогдоогүй сууц, гэрт хүн амын 60 орчим хувь амьдарч байгаа бодит байдалтай 8 хувийн хүүтэй зээл авъя гэсэн хүсэлт үндсэндээ давхцаж байна. Урьдчилгааны 30 хувь, сарын орлого хүрэхгүй гэсэн санаа зовнил түгээмэл байгаа бөгөөд цалин ашгаа нэмэх, эвсэл түүнийгээ нотлох нь зөв юм байна гэсэн хандлага нэмэгджээ. 22 хувь нь орон сууцны зээл одоохондоо шаардлагагүй гэсэн бол үлдсэн 5 хувь нь мэдэхгүй гэж хариулав.
Сар тутамд төлөх хүүгийн дарамт буурч, дундаж айл өрхөд хэмнэлт гарч байгаа нь онц ач холбогдолтой зүйл гэж олон нийт үзэж байна. Цалин өсөөгүй ч жирийн дундач орлоготой хүмүүсийн худалдан авах чадвар 30 хувиар нэмэгдэж буйг эдийн засагчид онцолж байгааг хүмүүсийн хариулт баталсан гэсэн үг юм. Ялангуяа залуучууд тогтвортой ажил эрхэлнэ, архидалт, залхуурал багасна, орон сууцанд амьдардаг хүмүүс олширвол утаа, бохирдол буурахад ч сайн нөлөө үзүүлнэ гэж ач холбогдлыг нь нэрлэсэн байна.
Урьдчилгааны 30 хувь нь Монголын өнөөгийн нөхцөлд боломжит босго, үүнээс доош хувь хэмжээ одоохондоо байхгүй, банк, санхүүгийн системээ ч, зээлдэгчээ ч төлбөрийн ачаалал нэмэгдэх эрсдэлээс хамгаална гэсэн тайлбарыг олон нийт хүлээж авч байна. Боломж нөхцөл нь нэмэгдэхээр эхний ээлжид 20 хувь болгон бууруулаасай 70 хувь нь гэсэн хүлээлт давуу байгаа юм. Яагаад өнөөдөр 30 хувь байх ёстой вэ гэдэг тоо, бодит нөхцлийг сонирхохоосоо илүү орон сууцны зээл бол халамжийн бодлого биш гэдэгтэй санал нийлж байна.
Байр сууцны тулгамдсан хэрэгцээтэй байгаа олонхийн хувьд үнэ өсөх вий гэсэн болгоомжлол их байна. Үнэхээр чанартай сууцных нь үнэ өсөх нь хэвийн үзэгдэл, харин энэ далимд үндэслэлгүйгээр нэмэх нь буруу гэж үзэж буйгаа дийлэнх нь илэрхийлэв. Эрэлт их байгаа тул нийлүүлэлтээ нэмэхэд Засгийн газар татвар, эдийн засаг, дүрэм журмын олон талын арга хэмжээ авах шаардлага их байна. Үнэ үргэлж бууж байх ёстой, төр хянах хэрэгтэй гэсэн зах зээлд хэрэгжих боломжгүй захиргааны арга биш, зах зээлийн горимоор нь эрэлт, хэрэгцээний зохистой харьцааг барихгүй бол эрсдэл байсаар байгаа билээ. Барилгын компаниудад хөнгөлөлтэй зээл олгосон тухай иргэд дуулж мэдсэн бөгөөд үнээ үндэслэлгүй нэмж байгаа бол Засгийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналтаа тавьж хөтөлбөрөөс хасах нь зүйтэй гэж үзжээ. Заавал шинэ байр гэхгүй, ашиглалтанд ороод удсан ч чанарын хувьд боломжийн, жишээ нь угсармал байшинг сонгох сонирхол их байна.
Нэгэнт зээлээ авчихсан бол хожим нь үнэ өслөө гээд төлбөр, хүү нь өөрчлөгдөхгүй тул байрных нь ханш нэмэгдэхэд дуртай байдаг. Байртай нь үнэ өсвөл сайн, байргүй нь буурах нь чухал гэсэн огтлолцол байдаг юм байна. Хүмүүс зээлээ авах, илүү хүттэйгээс 8 хувьтайд шилжүүлэх тусам бие биедээ хэлж ярьж, хий шүүмжлэхээс илүү 30 хувиа олох, материалаа бүрдүүлэх, хүч боломжоо нийлүүлэх, хэн нэгнээ дэмжих бодитой хандлага хурдтай нэмэгдэнэ. Дундаж иргэд нийгмийн хөдөлгөгч хүч, хүмүүс хоорондоо сайн дураар ойлголцох, хамтран ажиллах чадвартай, монголчууд шинэ зүйлд дасан зохицож, хурдан дасах, амьдрал ахуйдаа тусгах хурдтай гэдэг нь батлагдаж байна.