“Тасархай” үүлэн үст

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Дөчин мянгатын атаман зангаа тавь эргэм насандаа ч гээгээгүй гэдгээ Э.Бат-Үүл дарга өнөөдрийн талархлын тоглолтын тайзан дээрх зогсолтоороо л харуулж амжлаа. Костюм өмсчихөөд гараа халаасандаа хийчихсэн зогсох тэрбээр Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихээр ирсэн олонд хандан “Би уг нь дарга болоод үгээ их цэнэдэг болсон юм. Гэвч энэ удаа хамаа намаагүй хэлмээр байна, нийслэлчүүд энэ сонгуульд тасархай байсан шүү” гэлээ. Тэрбээр цааш нь “Хойшдоо ч бидэнд хийх ажил их байна. 2016 онд бид Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудлаа нээнэ. 2020 онд метротой болно. Тасархай нийслэл хоттой болно. Манай нийслэлийнхэн тасархай шүү” хэмээн өгүүллээ. Түүнийг ийн сэтгэлийн хөдлөлөө барьж чадахгүй догдлон өгүүлсний дараа “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун “Үүлэн үст”-ийг аялан “Энэ дууг Бат-Үүл ахад зориулсан гэж фэйсбүүкээр мэдээлээд байна лээ шүү” хэмээн хүч нэмлээ.

Ардчилсан Ерөнхийлөгчөө хоёронтоо дэмжсэн Монгол түмэнд ая дугаа өргөсөн “Хурд”, “Никитон”, “Харанга” хамтлагийг УИХ-ын дарга З.Энхболд “Рок попын гурван өндөрлөг” хэмээн өргөмжилсөн. Үнэхээр ч 20 жилийн турш, үзэгчид болоод тайз гитартайгаа үнэнч явж ирсэн дээрх хамтлагуудын тоглолт жинхэнэ “сюрприз” байсан бөгөөд барагтайд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж гаргадаггүй хамгаалагч залууг хүртэл тэрүүхэндээ бүжиглүүлж амжсан юм. Дашрамд дуулгахад “Хурд” хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ.

М.СУРА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж