Газрын тосны тухай хуулийг УИХ-д өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Газрын тосны тухай хуулийг УИХ-д өргөн барилаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын их хуралд өргөн барилаа. Одоо мөрдөгдөж буй Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас нэг жилийн өмнө батлагдсан бөгөөд энэ хугацаанд дорвитой өөрчлөлт ороогүй ажээ. Тиймээс 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдааны 80 дугаар тэмдэглэлд “Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, төлбөр (роялти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах шаардлагатай” гэж тэмдэглэсэн байна. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах эерэг өөрчлөлтүүд орох тухай албаныхан мэдээллээ. Тухайлбал,

-Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)-болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болох

-Газрын тосны ордын ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд байхгүй болох

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэх

-Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн ялгаа тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэх

-Цөмийн энерги, ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай давхцах асуудал гарахгүй байх эрх зүйн орчин бүрдэх

-Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгох

-Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болох

-Газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар нь олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр хадгалагдах

-Нөөц ашигласны төлбөрийн хувь нь газрын тосонд 5-15, уламжлалт бус газрын тосонд 5-10 болсон байна. Тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлэх

-Ашигт газрын тосны Засгийн газарт оногдох хувь хайгуулын болон бүтээн байгуулалтын зардлыг нөхөхөөс өмнө 50–аас доошгүй, нөхсөний дараа 60 болох

-Гэрээлэгч ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болох ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж