Инженер ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Инженер ажиллаж байна

Үргэлж муу мэдээ хүлээж аваад даджээ. Гэвч амьдрал үргэлжилж, хот тосгод хөгжиж, сайн сайхан зүйлс нэмэгдсээр байгаа нь үнэн. Зам харгуй засагдаж, барилга байшингууд босч, саяхан л дээлэндээ багтахгүй дэлбэрч байсан нийгмийн бухимдал дэлгэр цагийн айвуу тайвуу аясанд аргадуулан байна уу гэлтэй. Манай хотод бас нэгэн сайхан газар нэмэгдсэнийг сонсоод очиж үзэхээр эртлэн босоод давхиж явна. Шөнөжин орсон борооны үнэр хот даяар ханхалж, усанд нарны туяа ойн гялбалзаж, охид хүүхнүүд шилэн оймстой зэгзгэр хөлөө гайхуулан алхалж байна. Сайхан юм аа. Сэтгэл ч угаагдчихсан мэт гэгээн болчихож. "Хархорин" захын хажууд, Москва хорооллын эсрэг талд өвгөнтийнхний отог буудлаад нэлээд хэдэн жил болж байгаа билээ. Согтуучууд атиралдан хэвтэж, хүүхдүүд гйлга гуйн чаргуулдаж, нэг хэсэг нь ууттай хогоо булаацалдан салам нүдэлдэж, оройдоо хөх алаг нүдтэй авгай нар нь цыганууд шиг дуулалдан байдаг энэ газрыг хотын дарга орвонгоор нь эргүүлчихжээ. Отгийнхны бараан амьдрал хаашаа ч юм алга болж, эрчүүд нь шинэхэн барьсан хашаан дээгүүр өнгийн зогсоод ямар нэгнийг мөрөөдөцгөөн байх шиг сонин үзэгдэнэ. Модод ургаж, хөгжимт усан оргилуур тэнгэрт цоролзон оргилж, цаахан талд нь цөөрөм дотор загас бужигналдаж, шүгэл шиг дуутай шувууд жиргэж, шүлэг шиг гоё модон гүүр харагдаад үнэхээр сэтгэл татагдам орчин бий болжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг анх удаа хөрсний усыг ашиглан бүтээсэн гэж харуул залуу тайлбарлав. Цөөрөм нь дөрвөн метр гүн бөгөөд дотроо төрөл бүрийн загастай. Явган зам, замын гэрэлтүүлэг, сууж тухлах орчин бүгдийг иж бүрэн бодож цогцоор нь шийдсэн байна. Энэ бол хотын даргын идей. Инженер хүний шийдэл. Бүр энгийнээр хэлэхэд инженер ажиллаж байна. Өмнө нь хотын дарга нар байшин дотор суудаг байсан. Одоогийн дарга энэ төрийг эсрэгээр нь эргүүлж байна. Манай хотын дарга шилэн байшинд цулцайн суух дургүй хүн ажээ. Гадаа, гудамжинд ил тод ажиллаж байна. Түүний энэ имиж хотын даргын хэзээнээс танил хэвшмэл дүр төрхийг улс төрийн хөнжлөөс суга татан гаргаж ирэв. Энд тэндээс инженерийн шийдлүүд урган гарч ирж, зам засварын ажлуудыг хэрүүл хараалаас айлгүй хийж, саарал толгойдоо малгай ч тавилгүй хүмүүжийн дунд алхаж, хог цэвэрлэж, хотыг багахан жаахан төсвийнх нь хэмжээнд цэгцлэх гэж үзэж байна. Ийм даргад харин улс төрийнхөн багахан гай болох хэрэгтэй. тэдний хийж чадах цорын ганц юм Улаанбаатарт эрх мэдлийг нь л өгөх. Тэрийгээ л хийх ёстой. Одоо хотын даргатай газрын асуудлаар, элдэв байр савны асуудлаар уулзах шаардлагагүй. Учир нь энэ бүхэн түүнд байхгүй. Тэгэхээр зүгээр л ажиллуулах хэрэгтэй.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж