Яруу найрагчид хайрын ертөнцөөр аялуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Яруу найрагчид хайрын ертөнцөөр аялуулна

Энэ сарын 30-нд буюу ирэх ням гаригт зохион байгуулагдах “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” утга зохиолын уншлагын талаар өнөөдөр зохион байгуулагчид нь хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хэвлэлийн хуралд МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ийн Удирдах зөвлөлийн дарга яруу найрагч Н.Минжинсайхан, гүйцэтгэх захирал Ч.Ууганбаяр, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар нар оролцсон юм.

МЗЭ-ийн дэргэдэх “Залуу Зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан Монголын Зохиолчдын Эвлэл, “Хязгааргүй дуулал” ТББ хамтран “Өргөн орчлонд хүн хайраар дутаж болохгүй” уриан дор зохион байгуулж байгаа тус уншлагад өнөө цагийн үе, үеийн яруу найрагчид оролцохоос гадна алдарт яруу найрагчдийн бүтээлийг уран уншигчдаар уншуулж, олны сонорт хүргэх ажээ. Монголын утга зохиолын түүхэнд урьд өмнө нь зохиогдож байгаагүй эл өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Слава” брэнд ажиллаж байгаа бөгөөд “Артсофт” ХХК, “Дельта” констракшин зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна.

Зургадугаар сарын 30-ны 15:00 цагаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болох “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” яруу найргийн уншлагад та бүхэн хүрэлцэн ирсэнээр хүн төрөлхтөний магтан дуулдаг хайрын ертөнцөөр аялж, монголын үе, үеийн яруу найрагчтай нэгэн үдшийн утга зохиолын галын дэргэд өнгөрөөх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Тус өдөрлөг үнэ төлбөргүй болох юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж