засгийн эрхээ хүүдээ шилжүүлэв
Тамим бин Хамад аль-Тани ба Хамад бин Халифа аль-Тани
Фото: Fadi Al-Assaad / Reuters
Катарын эмир Хамад бин Халифа аль-Тани хамжлагатнууддаа хандан телевизээр үг хэлж, өөрийн хүү Тамим бин Хамад аль-Танид эрх мэдлээ шилжүүлж буйгаа зарлав. Персийн булангийн энэ орны түүхэнд хамгийн амжилттай захирагч эцсийн амьсгаа тасрах хүртэл хаан ширээтэйгээ зууралдахгүй болсноо тунхаглаж, дэлхий нийтийг алмайрууллаа.
Хаан ширээнээс татгалзсан шейх Хамад анх 1995 онд цусгүй төрийн эргэлт хийж, засагт гарч ирсэн юм. Түүний эцэг шейх Халифа Швейцарид амарч байх үеэр тэр эцгээсээ засгийн эрхийг авч буйгаа зарлаад, өөрийгөө шинэ вангаар томилжээ. Засгаас шахагдсан эцэг Хамадын талынхны "толгойг тасдсангүй". Түүгээр ч барахгүй Францад амьдарч байсан эцгийгээ харж халамжилж байгаад 2004 онд эх орондоо буцаж ирэхийг нь зөвшөөрчээ.
Засгаа өгч байгаа эмир өөрийн өрөвч сэтгэлээр олондоо дурсагдахаас илүүтэй тус орныг өөрчилсөн шинэчлэлээрээ мөнхрөх нь лавтай. Хамад эмэгтэйчүүдэд тэгш эрх олгосноос гадна улс орондоо анхны католик сүмийг нээсэн юм. Тэрээр тус орны анхны Үндсэн хуулийг боловсруулан гаргаж, хамжлагат түмэндээ эрх мэдлийг нь өргөтгөж өгчээ. Нийгмийн амьдралыг либералчилсан нь эдийн засгийн эрс өөрчлөлтэй хослон хийгдэж үр дүнгээ өгч эхэлсэн юм.
Эмирийн эрх барьсан 18 жилийн дотор Катарын дотоодын нийт бүтээгдэхүүн 9 тэрбумаас 182 тэрбум ам.доллар хүртэл буюу 20 дахин нэмэгджээ. Тус орон ДНБ-ий хүн амд ноогдох хэмжээ болон худалдан авах чадвараар дэлхийн хамгийн баян орон болсон. 2012 онд өмнөх лидер Люксембургийг (79785, мянган ам.доллар) гүйцэж, нэг хүнд ноогдох хэмжээг нь 102211 ам.доллар болгож чаджээ.
Катарын амьжиргааны төвшний энэ лут цэцэглэлтийн үндэс нь байгалийн хийн наймаа болсон юм. Энэ салбарт төдийлөн анхаараагүй эцгээсээ ялгаатай нь тэр хий олборлолтод онцгой анхаарчээ. Үүний буянаар энэ жижиг орон шахмал хийн нийлүүлэлтээр дэлхийн лидер болсон байна. Үүнээс олсон орлогыг Катарын эрх баригчид зөвхөн өөртөө зориулалгүй, хүн амдаа зарцуулжээ. Мөн дэд бүтэц ба дэлхийн олон төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн байв. Олон тэрбум ам.долларыг бусад орнуудын стратегийн чухал үйлдвэр, үйлчилгээнд оруулсан нь одоо Катарт ашиг өгч байна. Ийм орлогогүйгээр Катар ийм лут хөгжилд хүрэхгүй байсан нь лавтай.
Доха дахь Исламын урлагийн музей
Фото: Fadi Al-Assaad / Reuters
Гэхдээ өөрийн орны эдийн засагт хөрөнгө оруулахыг Хамад бас мартаагүй. Түүний өөрийнх нь шууд оролцоотойгоор бүсийн олонд төдийлөн алдартай биш Qatar Airways нисэхийн тээврээр дэлхийн лидерүүдийн тоонд багтжээ. Энэ компани нь таван од авсан дэлхийн зургаан компанийн нэг юм. Доха хот дэлхийн бизнесменүүдийг татах гялалзсан сайхан хот болон хувирав. Мэргэжлээсээ холдоод байсан Америкийн уран барилгач Ай Эм Пей Дохад тэргүүлэх зэрэглэлийн Исламын урлагийн музейг бариулав. Гэхдээ Хамадын гол хөрөнгө оруулалт нь «Аль-Жазира» гэх араб хэлээр дэлхийн анхдагч болох хиймэл дагуулын телевиз.
1996 оноос ажиллаж эхэлсэн уг телевиз нь арабын орнуудад мэдээлэл тараах улсын монополийг шууд л устгасан юм. Мэдээлэл өгөх, дамжуулалтын сүлжээнд орчин үеэр хандсан нь бүсийн телевизид хувьсгал болжээ. «Аль-Жазира» сувгийн амжилт нь маш эрчимтэй байснаас түүнийг арабын бүх орнуудад үзэх болов. Өөрийн орноос бусад араб орнуудын ямар ч сэдвийг хөндөн гаргаж тавихыг сэтгүүлчдэд нь зөвшөөрсөн байлаа. Дадал болоогүй хатуу, шургуу сэтгүүлчдийг нь бусад орны лидерүүд мэдээж таатай хүлээн аваагүй. Холбоотон гэгдэх АНУ гэхэд л Жорж Бушийн Ойрхи Дорнодын дайныг катарчууд хэрхэн гаргаж үзүүлж байгаад нь дургүй байв. Теле компанийн алдар нэртэй нь хамт тус орны нөлөө ч богино хугацаанд өссөн юм. Нэг гартаа хүчирхэг хэвлэл мэдээлэлтэй, нөгөө гартаа санхүүгийн асар их боломжтой Катар хөдөлж эхлэв.
Хамад өөрийн статусаа ашиглан бүсийн чухал тоглогч нартай сайн танил болсон байв. Тэрээр 2004 онд Мароккод барьцаалагдсан 200 хүнийг суллуулав. Бейрутад 2008 онд бие биенээ буудаад эхэлсэн ливанчуудыг тэр эвлэрүүлж чадлаа. Түүний зуучилснаар Суданы Дарфур дахь иргэний дайн 2010 онд зогсов. Энэ бүгдийг хийж байхдаа тэрээр ямар ч дайсагнасан талуудад араб лидерүүдэд байхгүй хүлцэнгүй хандлага гаргасан. Израилийн визтэйгээр зөрчих цөөн араб орнуудын нэг нь Катар. Гэтэл тэнд ХАМАС хөдөлгөөний гол байр байрладаг. Америкчууд Доха хотоос холгүй өөрийн Ойрхи Дорнодын командлалын байраа, бүс дэх томоохон нисэх баазаа байрлуулсан байгаа. Түүнээс хэдхэн км-ийн зайд “Талибан” хөдөлгөөний хилийн чанадад байгаа дэлхийд ганц болох төлөөлөгчдийн газар нь байрладаг.
Түүгээр ч барахгүй Катар хөгжлөөр дорой араб орнуудад хөрөнгө оруулалт хийх болов. Үүгээр Катарыг улс төрөөр дагахгүй гэсэн хэтэрхий бардам захирагчдыг талдаа татаж чадлаа. Тэрбээр 2006 оны дайны дараах Ливаны сэргээн босголт, Палестины эдийн засгийг дэмжихэд хөрөнгө оруулав. Сири, Египет, Йемен, Ливийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Катар багагүй мөнгө зориулсан юм. Катар дахь Америкийн цэргийн бааз
Фото: Rabih Moghrabi / AFP
Арван хэдхэн жилийн дотор Хамад өөрийн орныг нэр төр муутай, юу ч шийдэж чадахгүй жижиг орноос бүсийн болон дэлхийн нөлөө бүхий том тоглогч болгож чадав. Тэр нь 2011 оны араб орнуудын бослогын үеэр харагдлаа. Катар өөртөө хүлцэнгүй хандах дэглэмүүдийг Тунис, Ливи, Египетэд тогтоолгож чадсан ба одоо Сирийн ерөнхийлөгчийг унагах талдаа амжилттай зүтгэж байна. Персийн булангийн том бөгөөд баян Саудын Араб эрч хүчтэй Катартай харьцуулахад өөртөө итгэлгүй, болхи байгаа юм.
Катарчуудын ихэнх нь бүсийн тэргүүлэгч орон болсондоо маш сэтгэл хангалуун байгаа. Хамад гадаад бодлогодоо өөрийн орноос гадна араб ертөнцийн сонирхлын төлөө байгаа гэдгээ ямагт онцолж иржээ. Тэр хаан ширээгээ шилжүүлэхдээ ч «Арабын ертөнц нь нэгдмэл организм, бие биетэйгээ холбоотой бүтэц гэдэгт бид итгэдэг. Түүний бүх хэсгүүд цэцэглэсэн цагт л тэр бүхлээрээ цэцэглэнэ» гэж эмир хэлсэн байв.
Засгаа өгсөн эмирийн бүх эрмэлзлэл нь үүнд захирагдсан байгаа. Түүний энэ тэмүүллийг төгсгөх ажил одоо 33 настай түүний хүү шейх Тамимд шилжин очиж байна. Хүүгээ тэр энэ ажилд сүүлийн жилүүдэд идэвхтэй бэлтгэж өгчээ.
Тамим нь эмирийн том хүү биш. Том хүү нь мэргжлийн бус чадвараараа гологдсон байв. Одоо Тамим явж буй эмирийн гэрээслэлийн дагуу зүтгэх хэрэгтэй болж байгаа. Дуулгавартай тэр шейх Их Британид цэргийн мэргэжил эзэмшсэн байв. Ихэнх шинжээчид түүнийг эцгийнхээ заалтыг биелүүлэх хүн гэж үзсэн байгаа. Тамим маш болгоомжтойгоор улс орныхоо удирдлагыг ардчилах болно гэсэн хүлээлт бий. Тухайлбал, тэрээр Зөвлөлдөх зөвлөлийн (орон нутгийн парламент) анхны сонгуулийг явуулах учиртай.
Амьдралын бүхий л салбарыг шинэчлэн өөрчилж чадсан эцгийнхээ алдар нэрийг давах нь Тамимд энгийн хэрэг биш. Үхлээр засаглал нь төгсдөг араб лидерүүдээс огт өөр шийдвэр гарган засгаа шилжүүлсэн нь бас нэг онцлог юм. Өөрийн хамгийн сүүлчийн товчхон үгэндээ зөвхөн “зогсолтгүй хөдөлмөр” л улс оронд цэцэглэсэн, нөлөөтэй чигээрээ үлдэхэд нь тусална гэдгийг Хамад тав дахин давтан онцолсон байлаа.