Дээрх мэдээллийг хийх үеэр сэтгүүлчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс дараах асуултад хариулт авлаа.
-МАН-аас өнөөдөр сонгуулийн үйл явцтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-МАН-аас хэвлэлийн бага хурал хийсэн болохыг мэдээллийн хэрэгслээс сонслоо. Иргэд, сонгогчдын зүгээс МАН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл хийлээ гэж гомдол мэдүүлсэн. Хуульд сурталчилгааг санал авах өдрийн өмнөх өдөр 00:00 цагт хаасан. Сурталчилгаа албан ёсоор зогссон учраас санал хураалтын дүн гартал намуудаас мэдээлэл хийх ёсгүй, МАН-аас хэвлэлийн бага хурал хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон учраас холбогдох баримтыг хүргэж, арга хэмжээ авна.
-Сонгогчдыг саналаа өгөх явцад автомат машин гацсан гэх яриа байна. Энэ талын гомдол ирсэн үү?
-Нэг, хоёр автомат машин гацсан. Сонгогч саналын хуудсаа нугалж автомат машинд хийсэн учраас гацаа үүссэн. Саналын хуудсыг санаатай нугалж хийв үү, санамсаргүй нугалж хийсэн үйлдэл үү гэдгийг шалгуулна.
Онцлоход, Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс ээлжит мэдээллээ 22:00 цагт өгнө. Ингэхдээ сонгуульд саналаа өгсөн сонгогчийн ирцийн мэдээг 21:00 цагийн байдлаар авч мэдээлэх аж. Мөн цагийн зөрүүгээс шалтгаалж Баян-Өлгий, Ховд, Увс аймагт санал хураах ажиллагаа Улаанбаатарын цагаар 08:00 цагт эхэлсэн бөгөөд 23:00 цагт дуусах юм. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчийн ирцийн мэдээг эцсийн байдлаар санал хураалтын урьдчилсан дүнтэй нэгтгэн өгнө гэдгийг Ч.Содномцэрэн дарга энэ үеэр онцоллоо.