МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, МАН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд нар хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа талаар мэдэгдээд, тус намаас Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо, цагдаагийн байгууллагад хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулан хүргүүлсэн тухайгаа хэллээ.
Тэд мөн "МАН-ын ухуулагчийг цагдаагийнхан үндэслэлгүй баривчиллаа. Бусад намынхан мөнгө тарааж, газар өгнө гэж амлах зэргээр сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа учраас энэ асуудалд СЕХ, цагдаагийн байгууллага хуулийн дагуу ажиллахыг сануулж байна. Өнөөдрийн байдлаар МАН-аас сонгуулийн хууль зөрчсөн зургаан гомдлыг СЕХ, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн" гэв.