
Монгол Улсын төлөөлөгчид энэ уулзалтын үеэр тус хөтөлбөрийн болон бусад донор орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, Монголын ойн салбарын бодлогын шинэчлэлээр хийгдэж буй ажил, арга хэмжээг танилцуулах, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, манай орны Үндэсний REDD+ хөтөлбөр, стратегид бэлтгэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцох юм.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улс ойн хомсдол, доройтлын төвшнөө бууруулж, нүүрсхүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлсэнээр урамшуулалд хамрагдах боломжтой болохоос гадна ойн тогтвортой менежментийг бүрдүүлэн Ногоон хөгжлийн Үндэсний стратегийг амжилттэй хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа билээ.
Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөтөлбөр (REDD+) нь хөгжиж буй орнуудыг ойн хомсдол, доройтлын төвшинг бууруулж, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлсэний хэрээр урамшуулах олон улсын шинэ механизм бөгөөд 2008 оноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөрүүд хамтран улс орнуудыг тус механизмд бэлтгэхэд нь туслан хамтран ажилладаг юм байна.