
“Ведомости” сонинд мэдээлснээр Оросын командлал цэргийн албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс, мөн тэдний оролцоотойгоор ямар нэгэн улс төрийн хэрэг гаргуулахгүй байх үүднээс дээрх арга хэмжээг авчээ. Одоо Тартуст оросууд огт үлдээгүй гэнэ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд Михаил Богданов өмнө нь араб хэвлэлд мэдээлэхдээ, Тартус дахь бааз стратегийн үүрэггүй гэсэн байв. Оросын флотын хөлөг онгоцнууд одоо материал, хангамжаа Киприйн Лимассол боомтоос авдаг болсон гэнэ.
Киприйн Гадаад хэргийн сайд Оросын нисэх хүчин Пафос хотын нисэх буудлыг ашиглаж болохыг хэлсэн байв. Цэргийн тээврийн онгоцнуудын талаар энд хэлэгдсэн гэж оросууд хэлж байна.
Материал техникийн хангамжийн пунктыг Тартус хотод Зөвлөлтийн үеэр байгуулжээ. Югослав, Алжир дахь цэгүүдийн хамт түүнийг Зөвлөлтийн тэнгисийн цэргийн флотын тавдугаар оператив эскадрын багийг амраах, материал техникээр хангахад зориулан ашиглаж байлаа. Одоо Газар дундын тэнгист Оросын 16 хөлөг онгоцноос бүрэлдсэн оператив нэгдэл албаа гүйцэтгэж байна. Тэдний үүрэг нь далайн дээрэмчид болон терроризмтай тэмцэх ажиллагаа гэнэ.