Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын хэвлэлд

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын хэвлэлд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдээллүүд гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хуудаснаа хөвөрч байна. Катарын “Аль Жазира” агентлагийн цахим хуудсанд “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь тус улсад байгалийн баялгаас олох ашгийг зөв зохистой хуваарилах, мөнгийг үр дүнтэй зарцуулахад чухал байр суурь эзэлнэ” хэмээн мэдээлсэн бол “Ассошейтэд Пресс” агентлаг сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа гэдгийг онцолсон юм. Тус агентлагийн хувьд авлигатай тэмцэх дараагийн шатны аргуудыг онцлон тэмдэглэсэн байна. Тэд мөн С.Баярцогт, Ё.Отгонбаяр нарыг онцлон дурьдаж, Монгол Улсын хувьд ирэх дөрвөн жилд авлигатай тэмцэх ажил хэрхэн өрнөхийг өөрсдийн өнцгөөс тайлбарласан байна.

Алдарт “Bloomberg” телевизийн сайт нэр дэвшигчдийн дунд өрнөх өрсөлдөөний тухай мэдээлсэн бөгөөд гол өрсөлдөөн Ардчилсан нам болон Ардын намын хооронд өрнөнө гэдгийг онцолжээ. Германы “Дойче Велле” сувгийн цахим хуудсанд энэ удаагийн сонгууль Монгол Улсын хувьд чухал төдийгүй гадныхны анхаарлыг татаж байгаа гэдгийг онцолсон байна. Тэд уул уурхайгаас ирж байгаа өндөр хэмжээний ашиг, эдийн засгийн хурдацтай өсөлт зэрэг нь энэ удаагийн сонгуулиас шалтгаална хэмээн үзэж байгаа аж. Гадны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна хувийн блог, жижиг цахим хуудсууд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай цаг алдалгүй мэдээлж олон нийтэд хүргэж байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж