Сонгуулийн ерөнхий хороо хилийн чанадад амьдарч байгаа монгол иргэдийн саналыг тоолох ажиллагааг өнөөдөр 22.00 цагт эхлүүлэхээр болжээ. Санал тоолох үйл явцыг нээлттэй хийх юм байна. Харин саналын хуудсыг тоолох бэлтгэл ажлыг 18.00 цагт өөрийн байранд хийх болжээ. Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу хилийн чанадад амьдарч байгаа монгол иргэд зургадугаар сарын 14-16-ны хооронд өөрийн орны Консулын газарт очиж саналаа өгсөн юм. Нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 4248 сонгогч саналаа өгсөн болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байв. Өнөөдөр харин дээрх сонгогчдоос хэд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нарын төлөө өгөв гэдэг тодорно.
Г.ДАРЬ