G8: Татвараас зайлсхийлт эцэс болох нь

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

G8: Татвараас зайлсхийлт эцэс болох нь

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй найман гүрний лидерүүд энэ сар 18-нд татвараас зайлсхийх үйлдэлтэй тэмцэх хатуу байр суурьтай байхаа илэрхийлж, амлалтаа өгчээ. “G8”-ын уулзалтын хүрээнд “Lough Erne-ийн Тунхаглал” гаргасан бөгөөд энэхүү тунхаглал ёсоор татвараас зайлсхийх үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд татварын холбогдох байгууллагууд хоорондоо автоматаар мэдээлэл солилцох, ил тод байдлыг сайжруулахыг уриалсан байна.

Уг тунхаглалд “Засгийн газрууд тохиромжтой дүрэм, журам гаргаж, сайн засаглалыг урамшуулан дэмжих тусгай үүрэг хүлээх болно. Үүний хамгийн гол хөдөлгөгч хүч бол шударга татвар, ил тод байдал, нээлттэй худалдаа мөн” хэмээн заажээ. Тунхаглал буюу татвараас зайлсхийх үйлдлийг зогсоох төлөвлөгөө нь доорх арван элементээс бүрдэх аж. Үүнд:

1.Дэлхийн улс, орнуудын татварын байгууллагууд татвараас зайлсхийх хүнд сурталтай тэмцэхийн тулд татвар төлөлтийн талаарх мэдээллээ өөр хоорондоо автоматаар солилцох ёстой.

2.Аливаа компанийн ашиг, орлогоо гадаад руу гаргаж буй татвараас зайлсхийх үйлдлийг нь өөгшүүлсэн хууль, дүрмээ өөрчлөх шаардлагатай.

3.Компаниуд өөрсдийн эзэмшлийн талаар мэдэж байх ёстой бөгөөд татвар хураагчид болон хууль хэрэгжүүлэгчид энэ тухай мэдээллийг хялбархан авах боломжоор хангагдсан байх.

4.Хөгжиж буй орнууд татвараа хураах чадвартай, мөн холбогдох мэдээллээр хангагдсан байх ёстой бөгөөд бусад орон тэдэнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

5.Уул уурхайн компани төлбөр, тооцооныхоо талаар Засгийн газарт тайлагнаж, Засгийн газар тухайн компаниас хураасан орлогынхоо талаар ил тод мэдээлэх ёстой.

6.Байгалийн баялгийг хууль ёсоор олборлох ёстой бөгөөд зөрчилдөөнтэй бүс нутгаас нөөц, баялгийг нь хүчээр авч болохгүй.

7.Газрын худалдааг тухайн орон нутгийн өмчлөх эрхийг хүндэтгэн үзсэний үндсэн дээр ил тод явуулах ёстой.

8.Засгийн газар импортын бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар ногдуулж, үндэсний худалдаа, үйлдвэрлэлээ хэт дэмждэг үйлдлээ хязгаарлах ёстой бөгөөд дэлхийн хэмжээнд ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх худалдааны шинэ гэрээг хүлээн зөвшөөрөх ёстой.

9.Засгийн газар хил дээрх хүнд суртлыг арилгаж, хөгжиж буй орнуудын хооронд бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхэд илүү хялбар, хурдан болгох ёстой.

10.Засгийн газар нь хууль тогтоомж, төсөв, зардал, үндэсний статистик, сонгууль, өөрийн гэрээ, хэлэлцээрийн талаарх мэдээлийг унших болон дахин ашиглахад хялбархан байдлаар гаргах ёстой. Ингэснээр олон нийтийн хүртээл болж чадна.

    “G8”-ын лидерүүдэд зориулсан “OECD”-ын тайлан

    Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) нь дэлхий нийтийн эдийн засаг болоод нийгмийн сайн сайхныг улам сайжруулах бодлогуудыг дэмжих зорилгоор Засгийн газруудтай хамтран ажилладаг. Тус байгууллага “G8”-ын лидерүүдэд зориулсан тайлан гаргасан бөгөөд уг тайлан нь доорх дөрвөн гол алхмаас бүрдэж байна. Зорилго нь дэлхий нийтийн татварын тогтолцоог илүү шударга, ил тод болгох. Үүнд:

    1.Түншийн эрх мэдлийн хүрээнд тухайн орон өөрийн сүлжээгээ өргөтгөх ажлыг хялбарчлах үүднээс өргөн хүрээг хамарсан хууль, тогтоомж гаргах.

    2.Мэдээлэл солилцоход зориулсан хууль, эрх зүйн үндсийг сонгох.

    3.Тайлан гаргах болон урьдчилсан үнэлгээний шаардлага зэрэгтэй дасан зохицох, мөн удирдамжийг зохицуулах.

    4.Нийтээр дагаж мөрдөхөд тохиромжтой мэдээлэл, технологийн стандарт боловсруулах.

      “OECD”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Анжел Гурриа “Татвараас зайлсхийх үйлдлийг таслан зогсооход дэлхийн хэмжээний шийдлийг гаргаж, тогтвортой хөгжлийг дэмжихэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаад “G8”-д гүнээ талархаж байна. Татварын тогтолцоо шударга байх ёстой. Манай байгууллагын зүгээс гадаад оронд компани байгуулж, татвараас зайлсхийдэг бусармаг үйлдлийг эцэс болгох чиглэлээр улс, орнуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд татварын тухай мэдээллийг дэлхийн нийтээр шууд солилцдог аюулгүй бөгөөд зардал багатай стандартыг хүргүүлж байна” гэжээ.

      Р.ГАНТУЛГА

      Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

      NewsMN Гар утасны хувилбар Татах
      NEWS.mn

      Мэдээллийн эх сурвалж