Э.БАТ-ҮҮЛ: Таны санал энэ хотын хөгжилд хувь нэмэр оруулна
Хотын дарга Э.Бат-Үүл 10.00 цагт Сүхбаатар дүүргийн зургадугаар хэсгийн санал авах байр буюу 45 сургууль дээр саналаа өглөө. Нийслэлийн Засаг дарга сонгогчдод хандаж хэлсэн үгэндээ “Монголчууд бид улсынхаа төрийн тэргүүнийг энэ өдөр сонгох гэж байна. Нийслэлчүүд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож, сонгуульдаа саналаа өгөөрэй. Нийслэлийн иргэн таны санал энэ хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг санаарай” гэсэн байна.
Н.АЛТАНХУЯГ: Орон нутгийн иргэд гол гаталж саналаа өгч байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 10.10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Монгол Улсын иргэд өнөөдөр төрийн тэргүүнээ сонгоно. Сонгуулийн санал хураалт орон даяар 07.00 цагт эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль дээр саналаа өгсөн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Зарим нэг аймагт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн саналаа өгч чадахгүй байдал үүсч магадгүй байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн санаачилгаар завиар гол гатлах гэх зэргээр боломжоороо саналаа өгч байна. Мөн СЕХ-ноос бүх аймгуудад санал өгөх боломжгүй болсон, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалах асуудлыг шийдвэрлэж, яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн байгаа” хэмээгээд, сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.
З.ЭНХБОЛД: Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээрэй
УИХ-ын дарга З.Энхболд гэр бүлийн хамт харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 11.00 цагт ирж саналаа өглөө. Тэрбээр энэ үеэр сонгуульдаа идэвхитэй оролцохыг радио, телевизээр дамжуулан нийт сонгогч иргэддээ уриаллаа. Тэр дундаа залуучуудыг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд манлайлан оролцохыг хүссэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж СБД-ийн дөрөвдүгээр хэсгийн хороонд ирж гэргий Х.Болормаагийн хамт саналаа өглөө. Тэрээр “Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, төлөөллөө сонгоорой. Энэ бол их бүтээн байгуулалт, хөгжлийн үр дүнд нөлөөлөх сонголт байх болно” гэв. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах зургадугаар сургууль дээр 11.00 цагт саналаа өглөө. Н.Удвалын хувьд МАХН-аас бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Эрүүл мэндийн сайдын албыг 10 гаруй сарын хугацаанд хашиж байгаа юм. Тэрээр санал өгөхдөө санал өгөх иргэдийн адил дараалалд зогсч саналаа өгсөн байна. Харин МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр 11.40 цагт Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, есдүгээр хэсгийн байран дээр саналаа өглөө. Тэрээр саналаа өгсний дараа сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан байна.
Ийнхүү нэр дэвшигчид тус тусдаа саналаа өгч байхтай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцын талаарх эхний мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллэсэн юм. 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 16,61 хувьтай байна. Хөдөө, орон нутагт 16,74 хувь, нийслэлд 16,45 хувьтай байгаа аж.
Мөн онцолбол сонгуулийн өдрийн эхний цагуудад ахмад настнуудын оролцоо өндөр байдаг бол энэ удаагийн сонгуулийн хувьд залуус идэвхитэй оролцож, идэвхитэй оролцохыг биедээ уриалцгааж байна. Тухайлбал, сонгуульд оролцоод авсан 1000 нэгжээ ямар нэг тусламж хүссэн хүмүүст тусламж болгон өгөх уриалга ч цахим орон зайд идэвхитэй өрнөж байна.