Зам тээврийн осол нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осол нэмэгдэж байна

Дулааны улиралд орон нутгийн зам дээр гарах зам тээврийн осол нэмэгддэг байна. Учир нь амралт зугаалгаар хөдөөг зорхих хөдөлгөөн эрс ихэсдэг. Жолооч нар хотоос гараад л хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг, хүн хэтрүүлэн тээвэрлэдэг, анхаарал нь сулардаг зэргээс үүдэлтэй аж. Холын замд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж яваагүйгээс ч нэлээд осол гардаг байна. Сүүлийн хэдэн өдөр дараалан орон нутгийн замд гарах осол гарч байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт гэхэд зургаан хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтсэн ноцтой осол Төв аймгийн нутагт гарсан.Өнгөрсөн бямба гаригт Улаанбаатараас Эрдэнэт орох замд Хонда маркийн 63-13 УНД дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож 04 настай Э нас барж, хоёр зорчигч гэмтсэн ноцтой осол гарлаа. Орон нутгийн зам дээр гарсан осол аваар ихэнх тохиолдолд хүний амь насыг авч оддог аж. Өнгөрсөн онд гэхэд зам тээврийн ослоор 317 хүн алтан амиа алдсан байна. Үүнээс  219 нь орон нутгийн замд осолджээ. Энэ зөвхөн газар дээрээ нас барсан хүний тоо. Эмнэлэгийн байгууллагад очоод хэд нь үрэгдсэнийг мэдэхгүй. Мөн дулааны улиралтай зэрэгцээд мотоциклиор зорчигч  нар зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг. Мөн л дийлэнх нь орон нутагт гардаг байна. Өнгөрсөн онд мотоцильтой явж байгаад осолдсон 153 тохиолдол бүртгэгдсэнээс 143 нь орон нутагт гарчээ. Хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцож байгаа энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс хурд хэтрүүлдэг хамгаалалтын малгай өмсдөггүйгээс осолдох үедээ амь насаа алдах нь их байдаг  гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж